БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫНХАН ХУВИЙН АВТОМАШИНААС ТАТГАЛЗЛАА

138

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалгыг дэмжиж, Монгол Улсын Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлж буй автозамын ачааллыг бууруулах бодлогын хүрээнд Батлан хамгаалах яам, түүний харьяа төсөвт болон төрийн өмчит байгууллагууд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчид хувийн автомашиныг ажлын цагаар хэрэглэхгүй байх тухай Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын 2021 оны А/230 дугаар тушаал гарав. Маргааш буюу 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Батлан хамгаалах салбарын алба хаагчдын 2161 автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй бөгөөд тусгай үйлчилгээний автобусаар алба хаагчдын тээвэрлэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах үүрэг, чиглэлийг харьяа байгууллагуудын удирдлагуудад өгчээ. Мөн албан хэрэгцээнд ашиглагдаж буй албан ажлын болон дуудлагын автомашины тоог 60 хувиар бууруулах аж. Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах нь Батлан хамгаалах салбарын алба хаагчдын үүрэг гэж үзэн ийнхүү шийдвэрлэжээ. Энэхүү санаачлагыг бусад төрийн албан хаагчид дэмжиж, хувийн автомашинаас татгалзахыг уриалж байна.