Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Б.Түвшинтөр нар өчигдөр БХЯ-ны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл”, “Бөртэ” ТӨААТҮГ-уудад ажиллав.
“Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨААТҮГ-т ажиллах явцад орлогч дарга, хурандаа Ө.Батмөнхийн танилцуулгыг сонссоны дараа “Соёмбо” цэвэр усны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.
“Соёмбо” цэвэр ус нь үйлдвэрлэл явуулах стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин болон 70 гаруй супермаркет, 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, стандартын шаардлага хангасан цэвэр усыг үйлдвэрлэж байгаа талаар танилцуулж байв. Түүнчлэн өнгөрсөн сараас “Соёмбо” цэвэр ус нь ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд ингэснээрээ хэрэглэгчдээ эрхэмлэсэн чанартай бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх боломжийг бүрдүүлж байгаа ажээ.
Үүний дараа дэд сайд Б.Баярмагнай, хурандаа Б.Түвшинтөр нар “Бөртэ” ТӨААТҮГ-т ажиллав. Тус байгууллагын дарга, хурандаа С.Энхтайван байгууллынхаа танилцуулга болоод хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцууллаа. Үүнээс гадна тус байгууллагад тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг энэ үеэр хэлж байв. Тухайлбал, “Бөртэ” ТӨААТҮГ-ын барилга нь удаан жил болж байгаагаас шалтгаалан цахилгаан, дулааны шугамуудад хүндрэл үүссэн байна. Мөн түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалж “Бөртэ” цэргийн оёдлын үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүний үнийг нэмэх зайлшгүй шаардлагатай байгааг дуулгав.
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай шат дараалан танилцаж байна. Зүгээр нэг үзэж хараад өнгөрөх бус хэрхэн шийдвэрлэж болох арга замыг судалж эргэж хариу мэдэгдэх болно” гэв.