Монгол Улсынхаа тусгаар тогтнол, Батлан хамгаалах салбарын хөгжил дэвшлийн төлөө залуу нас, мэдлэг оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад дайчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, хүндэт буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Ахмадын энэ түүхэн өдөр нь Та бүхний эх орныхоо хөгжил дэвшил, залуу хойч үеийнхээ аз жаргалтай амьдралын төлөө улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт залуу нас, эрдэм мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсныг тэмдэглэн хүндэтгэх, ажил амьдралын арвин баялаг туршлагыг тань залуу хойч үед өвлүүлэх, ухаант мэргэн сургаал зөвлөмжийг нь сонсох, бүтээсэн бүхнээр нь бахархах хүндэтгэлийн өдөр юм.
“Батлан хамгаалах яамнаас ахмад настны талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах тухай” Батлан хамгаалахын сайдын тушаал өнгөрсөн жил батлагдсан билээ.
Дээрх бодлогын зорилго нь Батлан хамгаалах салбараас тэтгэвэрт гарсан ахмад настны эрхийг хамгаалах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг эрчимжүүлэх замаар ахмад настны эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ авах боломж, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулж, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Бодлого, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүд эхнээсээ бодитоор хэрэгжиж эхэлснийг салбарын нийт ахмадууддаа дуулгахад таатай байна. Тухайлбал, Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Сайдын дэргэдэх ахмадын зөвлөл” байгуулагдаж, ажиллах журам нь батлагдсан. Мөн ахмадуудын маань дунд ихээхэн хүлээлттэй байгаа “Ахмадын хөгжлийн төв”-ийн барилгын бүтээн байгуулалтын ажил эхлээд ид явагдаж байна.
Тус зөвлөл энэ ондоо багтааж харьяа анги, байгууллагуудын ахмадын хороо, зөвлөлүүдийг нэгдсэн бодлого, удирдамжаар хангах, салбарын ахмад настны судалгаа хийх, холбогдох журам, заавруудыг боловсруулах, ахмад настны нийгмийн асуудлыг шийдвэрлэх нөөц боломжийг эрэлхийлэх гэх зэрэг олон асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Бодлого хэрхэн хэрэгжиж, ахмад настанд үр өгөөжөө өгөх нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллага, тэдгээрийн ахмадын байгууллагын удирдлага, ахмад настан Та бүгдийн оролцоо, хүчин чармайлт, хамтын ажиллагаанаас ихээхэн хамаарах болно.
Та бүхэндээ Монгол Улсад Ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн болон Олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг дэвшүүлж, бие эрүүл, ухаан саруул, амьдрал үйлс, буян заяа тань өөдлөн дэлгэрч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР