ТЭНГЭР ГАЗАРТ НИЖИГНЭСЭН СҮРТ БУУДЛАГАТАЙ “СЭЛЭНГЭ-2021” ХААЛТАА ХИЙЛЭЭ

229
“Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хээрийн сургалтын төвийн газар, районд амжилттай зохион байгуулагдлаа.
Дугаар шилжих энэ цаг мөчид “Сэлэнгэ 2021” хээрийн сургуулийн хаалтын ёслолын арга хэмжээ Төв аймгийн Зуун мод хотноо болж байна.
Өнгөрсөн жил явагдсан “Сэлэнгэ-2020” сургуулийн тухайд гэвэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэж хоёр орон тус тусдаа ижил цаг хугацаанд явагдаж байсан бол энэ жил Монгол, Орос дайчид өмнөх жилүүдийн уламжлалыг сэргээж нэгэн удирдлага дор нэгдэн хамтдаа үүрэг гүйцэтгэснээрээ онцлог байлаа. Энэ удаагийн “Сэлэнгэ-2021” хээрийн сургууль “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах нь” сэдвийн хүрээнд амжилттай явагдсан бөгөөд Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар ажилласан юм.
Тус сургууль гурван үе шаттайгаар явагдлаа. Тодруулбал, ОХУ-ын цэрэг дайчдыг сургалт, дадлагад оролцох зэвсэг, техникийн хамт хүлээн авахаас эхлээд хуурай болон 25, 50 хувийн сум, галт хэрэгсэлтэйгээр буудлагын дадлага хийж эцэст энэ сарын 4-ний өдөр буюу өчигдөр гол үйл ажиллагаа болох байлдааны буудлагаар үргэлжилсэн юм. “Сэлэнгэ-2021” сургуулийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Цогтбаатар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Хөрш орнуудын газрын дэд захирал Б.Болор болон албаны бусад хүмүүс сургуулийн буудлагын үйл явцтай танилцсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ нэгдсэн байлдааны буудлагын дараа нийт алба хаагчдад хандаж хэлсэн үгэндээ “Монгол, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид “Сэлэнгэ-2021” хээрийн Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй нь олон ач холбогдлыг дагуулж байна. Өнгөрсөн нэгэн зууны хугацаанд Монгол, Оросын Зэвсэгт хүчин дайны хүнд жилүүдийг хамтдаа даван туулж энх цагийн бүтээн байгуулалтад оролцож явсныг түүх гэрчилнэ. Энэхүү хамтарсан хээрийн сургууль нь манай хоёр орон итгэмжит найрамдалт харилцааны нэг хэлбэр болсоор ирсний зэрэгцээ болзошгүй терроризмын аюул заналхийлэхэд сөрөг үйл ажиллагаанд бэлтгэх чадварыг ахиулахад ихээхэн нөлөө үзүүлдэг гэдэгт итгэл дүүрэн байна. Цаашид хоёр орны цэргийн хамтын ажиллагаа улам бэхжиж, хамтарсан сургууль дадлагад оролцож харилцан туршлага солилцох боломж илүү нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гээд “Сэлэнгэ-2021” сургуульд оролцсон бие бүрэлдэхүүний цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүссэн юм.