МЭНДЧИЛГЭЭ

106

Монгол Улсын шинэ цагийн боловсролын эхлэлийг тавилцсан ууган их сургуулиудын нэг Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг тус сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш, судлаачид, ажилтан албан хаагчид, нийт төгсөгчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье!
Монгол орныг шинэ нийгэмд хөтөлж, хөгжил дэвшлийн замд эргэлт буцалтгүй оруулсан Ардын хувьсгалтай нас чацуу тус сургууль нь 1921 онд Ардын цэргийн даргын сургууль нэртэйгээр 90 сурагчтайгаар анх байгуулагдаж, гал голомтоо бадраасан тэр цагаас хойш нэгэн зууны түүхийг бүтээж, сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, цэргийн эрдэм ухаанд төгс боловсорсон, бие бялдар, сэтгэлзүйн өв тэгш хүмүүжилтэй, ёс суртахууны өндөр төлөвшилтэй мянга мянган даргалах бүрэлдэхүүн, шилдэг сэхээтнүүд, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргаж, эдүгээ боловсролын салбарт хэдийнээ хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын үндэсний хэмжээний томоохон их сургууль болтлоо өргөжин хөгжиж төлөвшсөн билээ.
Тус сургуулийн бие бүрэлдэхүүн төр улсынхаа тусгаар тогтнол, эх нутаг, газар шорооныхоо бүрэн бүтэн байдлын төлөө 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож эгнээнээсээ олон арван баатрууд, халуун эх орончдыг төрүүлсэн бахархам үйлсийг бүтээн эх орныхоо өмнө байгуулсан алдар гавьяа, үйл хэргээ төр засаг, ард түмэндээ үнэлүүлж, төрийн хүндэт одонгоор хоёронтоо шагнагдсан бахархам үйлсийн эзэд билээ.
Өнөөдөр тус сургууль нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах салбарын даргалах бүрэлдэхүүн, мэргэжилтнийг бэлтгээд зогсохгүй орчин цагийн нийгмийн эрэлт хэрэгцээг хангахуйц чадварлаг алба хаагчдыг бэлтгэн эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаагийн зэрэгцээ тус сургуулийн төгсөгчид эх орныхоо бүхий л салбарт эрдэм мэдлэг, авьяас билиг, өрсөлдөх чадвараараа шалгарч амжилттай хөдөлмөрлөж байгаа төдийгүй даян дэлхийд энх тайван, амар амгаланг тогтоох эрхэм хүндтэй үйлсэд манлайлан оролцож суу алдраа дуурьсгасаар байгаа нь эрдэмтэн багш, судлаачид, ажилтан албан хаагчид, сонсогч, төгсөгчид та бүхний хамтын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг бахархан дурдахад таатай байна.
Эрдэм мэдлэг, оюун ухаан шинэ зууны хөгжлийн түлхүүр болж буй XXI зуунд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олон Та бүхнийг боловсролын тэгш, чанартай үйлчилгээг үзүүлж, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, туршилт судалгаанд суурилсан шинжлэх ухаанч хөгжлийн түүчээ нь болон төлөвших эрдмийн их үйлсэд тань улам их амжилтыг хүсэн ерөөе!
Төр улсын минь гал голомт мөнхөд бадарч, түмэн олны минь үйл хэрэг ашид дэлгэрэх болтугай!