ЦЭРГИЙН АЛБА ХААХ ЗАЛУУСЫН ТОО ЖИЛ ИРЭХ ТУТАМ ӨСЧ БАЙНА

440
Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өчигдөр /2021.10.21/ эхэлсэн. Энэ жилийн цэрэг татлага нийслэлийн есөн дүүрэгт аравдугаар сарын 21-24-ний хооронд үргэлжилнэ.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр СХД-ийн 83 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд явагдаж буй цэрэг татлагын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэрэг татлагын байранд өчигдөр 500 гаруй залуус үзлэг, шинжилгээнд хамрагджээ. Үүнээс 40 хувь нь өвчний улмаас чөлөөлөгдөж 60 хувь нь тэнцсэн байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн, орлогч дарга Х.Чинзориг “Өмнө нь цэрэг татлагын үзлэгээр 60 хувь нь чөлөөлөгддөг байсан бол энэ жил 60 хувь нь тэнцэж байна. Энэ маш сайн үзүүлэлт. Мөн өмнө нь бэлгийн замын халдварт өвчин болон шүдний асуудлаар их хасагддаг байсан. Энэ жилийн хувьд чих хамар хоолой, мэс заслын өвчин түлхүү шалтгаан болж байна.
Тэнцсэн залуусыг долоон төрлийн шинжилгээнд хамруулах журамтай. Журмын дагуу коронавирус тусаад эдгэрсэн залуусын цээжний рентген зургийг харж байгаа. Энэ зургаар уушгины нэг талд их хэмжээний шохойжилт, хатуужилт үүсээгүй бол тэнцүүлж байна. Гэхдээ өчигдөр халдвар аваад эдгэрсэн залууст энэ төрлийн асуудал үүссэн зүйл ажиглагдаагүй” гэж ярилаа.
Цэрэг татлагын үзлэг, шинжилгээгээр халдвар илэрсэн тохиолдолд эмчилгээнд буцааж байгаа. Харин цэргийн албанд татагдан очсон байлдагчаас халдвар илэрвэл тухайн ангийн эмнэлэгт тусгаарлан эмчилнэ. Биеийн байдал хүндэрвэл Цэргийн Нэгдсэн төв эмнэлэгт шилжүүлэх юм.
Харин цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан ч халдварын улмаас гэрийн нөхцөлд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн мэдээлэл цэрэг татлагын штабуудад бий. Эдгэрсний дараа цэргийн албанд татах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Цэргийн алба залууст олон боломжийг олгож байдаг. Тухайлбал цэргийн болон энгийн мэргэжил эзэмшинэ, улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцоно, төрийн албанд ажилд орох боломж нээгдэнэ гэдгийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэллээ.
Тэрбээр “Цар тахлаас шалтгаалан нэг жил өнжсөний дараа цэрэг татлагыг зохион байгуулж байна. Залуусын хандлага маш эерэг, эх орноо хамгаалъя, иргэний үүргээ биелүүлье гэсэн хүсэл эрмэлзэл урьд жилүүдийнхээ онцгой илүү байгаа нь анзаарагдлаа. Эмнэлгийн үзлэгийн комиссоос өгсөн мэдээллээр нийт үзлэгт хамрагдаж байгаа залуусын нэг орчим хувиас коронавирус илэрчээ. Тухайлбал 500 хүнээс 3-5 халдвар илэрсэн байна. Тэгэхээр залуус цэргийн албанд татагдахын тулд халдвараас урьдчилан сэргийлжээ гэж харж байгаа” гэв.
Сүүлийн жилүүдэд цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх талаар Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, орон нутгийн төр, захиргааны байгууллагатай хамтраад арга хэмжээ авсан, үр дүн гарч эхэлж байна. Улмаар эрүүлжээд цэргийн албанд явж байгаа залуусын тоо 10-25 хувиар нэмэгджээ.