2021 ОНЫ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

239
Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2021 оны шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд амжилттай оролцсон бүтээлийг шалгаруулах арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Б.Баярмагнай, Сайдын зөвлөх Ц.Дашзэвэг, яамны СБТГ-ын дарга, хурандаа Ч.Гандирваа, ТЗУГ-ын дарга, хурандаа С.Ванчинхүү нар оролцлоо.
Энэ жилийн хувьд “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал” чиглэлээр тэргүүн байрт ҮБХИС-ийн зөвлөх профессор, БХЭШХ-гийн эрдэм шинжилгээний гэрээт ажилтан, доктор А.Хүү-Ухнаагийн туурвисан “Пиротехник судлал” 3 боть бүтээл, дэд байрт ҮБХИС-ийн профессор, БХЭШХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Дашзэвэгийн туурвисан “Цэрэг дайчдынхаа төлөө нэгэн зууны сэтгэл, зүтгэл” ном, тусгай байрт БХЭШХ-гийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор П.Цэдэвийн туурвисан “Цэргийн харилцан ажиллагааны онол, арга зүйн үндэс” ном тус тус шалгарав.
“Зэвсэглэл, техник технологи” төрөлд тэргүүн байрт Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа М.Батдоржийн удирдаж зохион бүтээсэн “Хөнгөн хуягласан байлдааны машин-Мазаалай”, дэд байрт ҮБХИС-ийн багш, ахмад С.Наранхүүгийн зохион бүтээсэн “Камикадзе нисгэгчгүй нисэх аппарат”, БХЭШХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Хүрэлбаатарын зохион бүтээсэн “Нисгэгчгүй нисэх аппаратын катапульт” бүтээлүүд шалгарсан юм. Түүнчлэн “35 хүртэлх насны залуу судлаачийн бүтээл”-д тэргүүн байрт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн харьяа “Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төв”-ийн дарга, ахмад И.Зоригийн зохион бүтээсэн “Орон зайн тандалт судалгаа, тагнуулын зориулалт бүхий нисгэгчгүй нисэх төхөөрөмж”, тусгай байрт Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Автотехникийн агрегат засварын хэсгийн дарга-ашиглалтын инженер, дэслэгч М.Шийрэвноровын зохиосон тагнуул, давшилтын “Хилэнцэт” бүтээл, “Шилдэг инновацын бүтээл”-ийн тэргүүн байрт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн харьяа “Радиоэлектроникийн туршилт, судалгааны төв”-ийн дарга, хурандаа Р.Энхнасангийн удирдаж зохион бүтээсэн “Монрадио-1000”, тусгай байрт ҮБХИС-ийн багш, ахмад С.Наранхүүгийн зохион бүтээсэн “Вертикаль хөөрөлт, буулттай нисгэгчгүй нисэх аппарат” тус тус шалгарлаа.
“Шинэ бүтээл, оновчтой санал” номинацын тэргүүн байрт ҮБХИС-ийн ЦНДС-ийн багш, дэд хурандаа З.Нарангэрэлийн зохиосон “Сургалтын үйл ажиллагаанд ашиглах программ хангамжийн хөгжүүлэлт /програм/”, тусгай байрт Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагчийн орлогч, ахлах инженер, ахмад П.Ганхуягийн зохион бүтээсэн “Хуягт танкны техникийн олон үйлдэлт засвар үйлчилгээний хөдөлгөөнт байр” бүтээлүүд шалгарсан юм.
Шалгарсан бүтээлүүдийн эздэд шагнал гардуулсны дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Салбарын эрдэмтэн, судлаачид, Зэвсэгт хүчний залуу инженерүүд, офицерууд маань инновацыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой санал, санаачлагуудыг гаргаж, батлан хамгаалах эрх ашигт нийцсэн цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдийн хүчээр үйлдвэрлэх ажлыг амжилттай эхлүүлж, тусгай зориулалтын цэргийн техник, орон зайн тандалт, агаарын тагнуулын зориулалт бүхий нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд, богино долгионы дунд чадлын радиостанцын загваруудыг гарган, дотооддоо үйлдвэрлэх, турших ажлыг амжилттай эхлүүлсэн нь шинжлэх ухаан, технологийн хөгжилд ахиц гарсан, цаашид илүү эрч хүчтэй бүтээж туурвих урам зоригийг сэргээсэн онцгой үйл явдал болсон.
Цаашид Бид “Шинжлэх ухаан, технологи, инновацыг 2021-2030 онд хөгжүүлэх бодлого”-оо тодорхойлж, улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнг нэвтрүүлэх, түүний хөгжлийг дэмжих, эрдэм шинжилгээний ажилтнуудын идэвх, санаачилгыг өрнүүлэх, оюуны чадавх, мэдлэгийг арвижуулах, батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийн суурийг улам бэхжүүлэх, Зэвсэгт хүчний туршилт-үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх, бүтээсэн бүтээл, зэвсэглэл, цэргийн техник, тоног төхөөрөмжөө Зэвсэгт хүчиндээ нэвтрүүлэх нь бидний ойрын ирээдүйн зорилт болж байгааг онцлон тэмдэглэж байна” гэлээ.
3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно