БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЗАФЕР АТАШИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

135

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Аташийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын дипломат харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг дүгнэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНТУ-ын Элчин сайд Зафер Аташийг үүрэгт ажилдаа томилогдсон явдалд баяр хүргэж, амжилт хүссэн бөгөөд Батлан хамгаалахын сайдын БНТУ-д хийсэн ажлын айлчлал, тус улсын Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акартай хийсэн хоёр талын уулзалт, эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IX дүгээр хуралдаан үр дүнтэй явагдсаныг онцолж, цаашид хэрэгжилтийг хангах тал дээр Элчин сайдын яамтай идэвхтэй хамтарч ажиллахаа илэрхийллээ. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Аташ Батлан хамгаалахын сайдтай уулзсандаа сэтгэл өндөр байгаа бөгөөд цаг гарган хүлээн авсанд талархлаа илэрхийлэв. Тэрээр цаашид хоёр орны харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны протоколд тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтэд онцгой анхааран ажиллахаа мэдэгдлээ.