ЗХЖШ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнагдсан, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн, зарим төрлийн цэргийн командлал, байгууллагуудыг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн, Зэвсэгт хүчний дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг батлуулсан, улс орны томоохон бүтээн байгуулалтад манлайлан оролцсон, энхийг дэмжих ажиллагаанд оролцох төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх алхмуудаа амжилттай тодорхойлсон, анх удаа дотооддоо цэргийн зориулалттай зарим төрлийн техник хэрэгслийг туршиж, амжилттай үйлдвэрлэсэн зэрэг ажил үйлс, амжилт бүтээл өрнүүн өнгөрүүлж буй талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба танилцууллаа. Мөн ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, удирдах газрын 2021 оны гүйцэтгэлийн тайлангийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн талаараа ЗХЖШ-ын ХШҮГ-ын дарга хурандаа Ж.Өсөхбаяр илтгэж, оролцогчдоос тайлантай холбоотой санал бодлоо илэрхийлсэн юм.
Тайлангийн хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар нар болон төрлийн цэргийн командлал, газар, хэлтсийн дарга нар оролцлоо. Түүнчлэн ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын бие бүрэлдэхүүн цахимаар оролцсон юм.