Ази-Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос зохион байгуулдаг “ABU-ROBOCON 2021” олон улсын роботын 20 дахь удаагийн тэмцээн өнгөрөгч долоо хоногт цахим хэлбэрээр явагдлаа. Тэмцээнд тус холбооны гишүүн орнуудаас 12 улсын 21 багийн оюутнууд оролцож өөрсдийн зохион бүтээсэн роботуудаар сав руу сум шидэх даалгавар гүйцэтгэж өрсөлдөв. Монгол Улсаас ҮБХИС-ийн “Аравт”, ШУТИС-ийн “Цахим-Алт” багууд эх орноо төлөөлөн оролцсон юм. Цахим тэмцээнд Монгол Улсаас оролцогч багууд ҮБХИС-ийн “Алтан-Илд” спорт цогцолбороос зохион байгуулагч улс, бусад оролцогчтой “VooVmeeting” платформоор оролцож, Монголын Үндэсний телевиз шууд дамжуулалт хийв. Тэмцээнд оролцогч 21 баг 2 тойргоор тоглож, тус бүр 2 удаа “Сав руу сум шидэх даалгавар”-ыг гүйцэтгэн 80 оноо цуглуулан өрсөлдөж, дундаж оноогоор аварга багийг шалгаруулсан юм. ҮБХИС-ийн “Аравт” баг 1-р тойрогт 34 оноо, 2-р тойрогт 51 оноо цуглуулан нийт 42.5 оноо авч 18 дугаар байрт шалгарлаа.
Тус баг 3 дугаар сарын 15-наас энэ сарын 11-ний хооронд бэлтгэлээ базаасан бөгөөд робот техник зохион бүтээх, зүгшрүүлэх ажилд 9 багш, 28 сонсогч, оюутан, нийт 180 орчим ажилтан, алба хаагч оролцлоо. Нийт оюутнууд бэлтгэлийн туршид механик хийцийн загварчлал, тооцоог “Solidworks-2021” программ ашиглан гүйцэтгэсэн юм. Ийнхүү ҮБХИС-ийн “Аравт” баг анх удаа олон улсын тэмцээнд амжилттай оролцож туршлага, сургамж хуримтлууллаа.