Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд төр болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд нэгдэн мод тарьцгааж буй. Тэгвэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад хийгдэж байгаа ажилтай танилцаж, дүн шинжилгээ хийх зорилготой хурал Батлан хамгаалах яаманд боллоо. Тус хуралд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТТХГ-ын төлөөллүүд оролцов.
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч хурандаа Ж.Болдбаатар хурлыг нээж, дарааллыг танилцуулснаар эхэнд нь ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбарт 2021-2030 он хүртэл хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар танилцуулав. Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлуудаар хэлэлцэгдсэнээр нийтдээ 6 чиглэлээр дээрх төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгааг бригадын генерал Ч.Цогтжаргал онцолсон. Энэ хүрээнд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу элсний нүүдлээс хамгаалах ногоон зурвас Агрофарк, Зэвсэгт хүчний хэмжээнд нийтдээ 9 байрлалд мод үржүүлгийн газар байгуулах юм. Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад ногоон хотхон, Агрофарк байгуулахаар төлөвлөсөн гэдгийг тодотголоо. Тэрчлэн хот хоорондын автозамын дагуу орон нутгийн байгууллагуудтай хамтарч ногоон зурвас байгуулах, заган ойг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлж оролцох, Батлан хамгаалах салбарын ажилтан алба хаагчдын амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд татан оролцуулж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана гэв. Үргэлжлүүлэн бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөллүүд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хийгдэж байгаа, цаашид төлөвлөсөн ажил, арга хэмжээний талаар танилцуулав.
Мөн энэ үеэр байгууллагуудаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр гаргасан шийдвэртэй танилцаж, түүнийг хэрэгжүүлэх тооцоо судалгаа, төлөвлөлтийн баримт бичгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн юм.
Төгсгөлд нь хурандаа Ж.Болдбаатар хуралд оролцсон бүрэлдэхүүнд судалгаа тооцоог нарийвчлан гаргаж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өрнүүлж буй ажлуудаа эрчимжүүлэх, 2021-2030 он хүртэлх үечлэлд нийцүүлж нарийн төлөвлөн хэрэгжүүлэх зэрэг зөвлөмж өглөө.