БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР БҮХИЙ Л САЛБАРЫН ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТЭД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСААР ИРСЭН

226

БХЯ үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойд зориулан “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Итгэлцлийг бэхжүүлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт олон улсын эрдэмтэн, судлаачид аа,
Эрхэм зочид оо,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Эрхэм генерал, офицерууд аа.

Та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.

Монгол Улс ХХ зууны эхэнд буюу 1911 онд Богд хаант Монгол Улсаа байгуулан, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхтэй ард түмэн.

Улмаар тухайн үед Богд хааны зарлигаар анхны таван яамыг байгуулсан бөгөөд түүний нэг нь “Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам” байсан нь өнөөгийн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Батлан хамгаалах яам байж, өдгөө 110 жилийн ойтойгоо золгож байна.

Юуны өмнө энэхүү түүхт ойн баярын мэндийг Батлан хамгаалахын сайдын болон салбарынхаа нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс Та бүхэнд өргөн дэвшүүлье.

Аливаа улс орны төр, засгийн болон батлан хамгаалахын удирдлага, тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын өөрчлөлтийг нэн тэргүүнд мэдэрч, түүний нөлөөллийг үнэлсний үндсэн дээр цаашдын улс орны болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, батлан хамгаалах үйл ажиллагааны цар хүрээ, ач холбогдолд ихээхэн анхаарч, Зэвсэгт хүчин, цэрэг, армиа хөгжүүлэх бодлого, зорилтоо тодорхойлж, тавигдсан ямар ч үүргийг биелүүлэхэд бэлтгэх боллоо.

Монгол Улс, монгол цэргийн хувьд 1911 онд харийн ноёрхлыг түлхэн унагаж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, улмаар 1921 онд Ардын хувьсгалыг эхлүүлэн улс орноо тэгшитгэж, 1939 онд харийн түрэмгийлэгчдийн эсрэг эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалан Халхын голд тулалдаж, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцон зүүн хойд Хятадыг чөлөөлөлцөж, улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад эх орныхоо тусгаар тогтнолыг бататган байлдаж, Ялалтын уухайг цуурайтуулж явсан нь өнөөгийн ЗҮҮН ХОЙД АЗИЙН АЮУЛГҮЙ байдлын орчны өөрчлөлтөд томоохон хувь нэмэр оруулж байсан гэж үзэх бүрэн үндэстэй байна.

Уг тэмцэл, дайн, байлдаан, зэвсэгт тулгаралтад тухайн үеийн “Цэргийн явдлын яам” нь зөв бодлого, стратегийг тодорхойлон явуулж, бүхий л талын хангалт, үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж чадсан нь улс орноо төдийгүй бусад улсуудыг ч дайны хар сүүдрээс ангижруулах баатарлаг үйлс, их түүхийг бүтээлцсэн байдаг.

Мөн өнгөрсөн хугацаанд тус яам нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ улс төр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, спорт, соёл урлаг, бүтээн байгуулалтын зэрэг бүхий л салбарын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Улмаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгүүдэд тусгагдсан “… улс төр-дипломатын аргаар аюулгүй байдлаа хангах” зорилтыг хэрэгжүүлэх, бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг тогтворжуулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцох оролцоогоо нэмэгдүүлэх зэрэг туйлын чухал зорилтуудыг хэрэгжүүлсээр байгаа юм.

Тийм ч учраас бүс нутагт аюулгүй, тогтвортой байдлыг бий болгох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх үйл хэрэгт ач холбогдол бүхий олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Зүүн хойд азийн аюулгүй байдал: Итгэлцлийг бэхжүүлэх нь” сэдвээр Батлан хамгаалах яамныхаа ойг тохиолдуулан зохион байгуулж байгаагаараа энэ удаагийн хурал онцлог болж байгааг тэмдэглэн хэлье.

Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, энх тайван, амар амгалан амьдрал үгүйлэгдэж байгаа улс орон, ард түмэнд туслахыг байнга эрмэлзэж, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар гаргасан аливаа санал, санаачилгуудыг талархан дэмжиж, үйл хэрэгт нь идэвхтэй оролцсоор байна.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаар бус нутгийн улс орнуудын аюулгүй байдлын талаарх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд эрдэмтэн, судлаачид Та бүгдийн тавьсан илтгэл, хэлэлцүүлэг, санал, дүгнэлтүүд ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт Сайд миний бие итгэл дүүрэн байна.

Энэхүү хуралд уригдан оролцож, бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдаж буй асуудлаар өөрийн илтгэлээ хэлэлцүүлж, санал бодлоо хуваалцаж буй гадаад улсуудын эрдэмтэн, судлаачид болон уг хурлыг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж буй улс орнуудын Цэргийн атташе нартаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Ингээд “Зүүн хойд азийн аюулгүй байдал: Итгэлцлийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж, Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, бүтээл туурвилын арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Номын цагаан буян үргэлжид дэлгэрэх болтугай.
Анхаарал хандуулсанд баярлалаа.