Монгол Улсад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойд зориулсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Тусгаар тогтнол-2021” практик буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.
Өнөөдөр маргааш хоёр өдөр зохион байгуулагдах тус тэмцээн Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд зохион байгуулагдаж байна.
Тэмцээнийг БХЯ, “Практик буудлагын холбоо”, ЗХЖШ-ын томилгоот алба хаагчид зохион байгуулж байгаа бөгөөд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ДЦШ, ОБЕГ, ЦЕГ, ТТХГ, ШШГЕГ, АТГ, ШШҮХ, ҮБХИС зэрэг 12 байгууллагын 140 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцож нийт тэмцээнд орлолцогчдод амжилт хүслээ.
Тус тэмцээн нь алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, практик буудлагаар хичээллэгч тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ буудлагын тамирчдын залуу халааг бэлтгэж цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж буй юм.
Тэмцээний дүн маргааш гарна.