“БӨРТЭ”-ИЙН ХАМТ ОЛОН УДААХ ГАВЬЯАТАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

183

“Бөртэ” ТӨААҮТГ-ын хамт олон шинэхэн аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ё.Мягмарсүрэнг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрээр өнгөрсөн сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авсан бөгөөд өнөөдөр хамт олон нь хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буй нь энэ юм.

Ё.Мягмарсүрэн нь тус үйлдвэрт 30 гаруй жил ажилласан ахмад ажилтан юм. Тэрээр оёдолчин хүний хамгийн их ур чадвар шаардагддаг нарийн мэргэжлийн нэг болох генерал, офицер, дайчид, бусад дүрэмт хувцас хэрэглэлийн мөрдөс, таних тэмдэг, бүх төрлийн саан хэрэглэлийг хатгадаг юм. Мөн маршал Жуковын нэрэмжит музейн үзмэрт зориулж Реминзовын хорооны 1949 оны тугийг сэргээн засварлахаас эхлээд Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн 100 гаруй тугийг шинээр хийж, өөрийн мэргэжилдээ 30 гаруй хүнийг сургасан “Бөртэ” үйлдвэрийн тэргүүний ажилтан аж. Түүнийг хамт олон нь алд цэнхэр хадаг мөнгөн аягтай сүүтэй төрлөх үйлдвэрийнх нь үүдэнд урмын сайхан үгсийн хамт угтаж авсан юм.

Үргэлжлүүлэн тус үйлдвэр 2021 онд бусдыгаа ажил үйлсээрээ хошуучлан ажилласан тэргүүний алба хаагчдаа шагнаж урамшуулав. Тодруулбал, 2021 оны “Тэргүүний ажилчин”-аар Эсгүүрийн тасгийн оёдолчин Г.Оюунсүрэн, Б.Баттуяа, “Чанарын аварга”-аар гүйцэтгэх тасгийн оёдолчин Г.Тэгшбаяр, “Оны тэргүүний шилдэг ажилтан”-аар бэлтгэл тогооч Б.Мөнгөнтуяа, “Хөдөлмөрийн аварга”-аар Захиргаа, гүйцэтгэх тасгийн мастер Т.Энхцэцэг, “Бөртэ хүндэт өргөмжлөл”-өөр санхүүгийн албаны эдийн засагч Ш.Нарансанчир, “Тэргүүний тасаг хамт олон”-оор оёдлын 1 дүгээр тасаг тус тус шалгарсан юм. Мөн тус шагнал гардуулах арга хэмжээний үеэр тус үйлдвэрийн оёдолчин Ж. Нямжаргалд таван ханатай гэр гардуулан өгсөн юм. Оёдолчин Ж.Нямжаргал нь 0-11 насны дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй аж. Энэхүү үйл ажиллагаа нь тус үйлдвэрийн хувьд уламжлал болсон бөгөөд ийнхүү ажилтан алба хаагчдынхаа нийгмийн асуудалд жил бүр дэмжлэг болдог юм.

Тус үйлдвэрийн хувьд энэ онд ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн, цар тахлын хөл хорионы үеэр халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлан ажиллаж үйлдвэрийн үйл ажиллагааг доголдуулалгүй явуулсны зэрэгцээ ажилтан алба хаагчдынхаа мэргэжил ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон төрлийн сургалт дамжаанд хамруулж, бие бүрэлдэхүүнийхээ ажиллаж, амрах ая тухтай орчныг бүрдүүлэх үүднээс амралтыг өрөөг тохижуулсан, хувцасны агуулахыг шинээр ашиглалтад оруулсан, хуучин тоног төхөөрөмжөө сайжруулж, шинэ тоног төхөөрөмжийг үйлдвэртээ нэвтрүүлсэн зэрэг олон  ололт амжилттайгаар хуучин оноо үдэж байгааг “Бөртэ” ТӨААТҮГ-ын ерөнхий захирал хурандаа Д.Энхтайван хэлж байлаа.