Монгол Улсад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит “Тусгаар тогтнол-2021” практик буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээнийг БХЯ, ЗХЖШ, “Монголын практик буудлагын холбоо”-ны томилгоот алба хаагчид зохион байгуулсан бөгөөд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ДЦШ, ОБЕГ, ЦЕГ, ТТХГ, ШШГЕГ, АТГ, ШШҮХ, ҮБХИС-иас гадна “Монголын практик буудлагын холбоо”-ны 145 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
Гар бууны опен ангилалд нийт 11 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр эхний байруудад ТТХГ-ын тамирчин Х.Моломжамц, ЦЕГ-ын тамирчин О.Энхжин, ТТХЕГ-ын тамирчин О.Пүрэвням нар шалгарсан бол гар бууны стандарт ангилалд нийт 39 тамирчнаас БХЯ, ЗХЖШ-ын тамирчин П.Оюунбат, Монголын хамгаалалтын буудлагын холбооны тамирчин Э.Оюут, Б.Батбаяр нар шалгарав.
Гар бууны стандарт ангилалд 9 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр МХБХ-ын “Down zero”, ЦЕГ-ын “Ирвэс баг”, Зэвсэгт хүчний нэгдүгээр баг эхний байруудад шалгарлаа.
Гар бууны сумтай карабины төрөлд нийт 30 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр ТТХГ-ын Б.Хүслэн, ШШГЕГ-ын тамирчин Б.Тэмүүлэн, МПБХ-ны тамирчин Х.Тэмүүжин нар хошуучиллаа. Гар бууны сумтай карабины төрөлд 7 эмэгтэй тамирчин өрсөлдсөнөөс тэргүүн байрт МПБХ-ны тамирчин Б.Энхжаргал, хоёрдугаар байрт МПБХ-ны тамирчин Г.Эгшиглэн, гуравдугаар байрт ШШГЕГ-ын тамирчин Э.Эна нар бусдыгаа манлайлав.
Гар бууны сумтай карабины төрөлд 8 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр тэргүүн байрт МПБХ-ны “Family” баг, хоёрдугаар байрт МПБХ-ны “DVC” баг, гуравдугаар байрт ШШГЕГ-ын “Force” баг шалгарсан бол карабины опен ангилалд нийт 25 баг тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр тэргүүн байрт ХХЕГ-ын Б.Соронзонболд, хоёрдугаар байрт МПБХ-ны тамирчин Э.Эрдэнэхалиун, гуравдугаар байрт МПБХ-ны тамирчин Б.Алтанбагана нар шалгарав.
Түүнчлэн карабины опен ангилалд 6 баг өрсөлдсөнөөс багийн дүнгээр тэргүүн байрт МПБХ-ны “DLC” баг, хоёрдугаар байрт МПБХ-ны “Triple Alpha” баг, гуравдугаар байрт ХХЕГ-ын “BPSF” баг тус тус шалгарсан юм.
Харин карабины стандарт ангилалд 40 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр тэргүүн байрт ЦЕГ-ын тамирчин Н.Батмөнх, хоёрдугаар байрт ТТХГ-ын тамирчин Ц.Адилтулга, гуравдугаар байрт ЦЕГ-ын тамирчин О.Баттөгс нар эхний байруудад тунав.
Шинэ төрөл болох карабины стандарт ангилалд өсвөрийн 5 тамирчин өрсөлдсөнөөс хувийн дүнгээр МПБХ-ны тамирчид Н.Амир, А.Цовоо, Б.Аминаа нар тэргүүлсэн бол Карабины стандарт ангилалд 10 баг өсөлдсөнөөс багийн дүнгээр тэргүүн байрт ЦЕГ-ын “Ирвэс”, хоёрдугаар байрт ТТХГ-ын “Черби”, гуравдугаар байрт ХХЕГ-ын “BPSF” багууд бусдыгаа хошуучиллаа.
Ийнхүү тус тэмцээний шилжин явах цомын төлөө 2 өдөр өрсөлдсөн 12 байгууллагын 145 тамирчин 11 багц медалийн төлөө авхаалж самбаа, цэц мэргэнээ сорьж нийлбэр дүнгээр МПБХ-ны баг тамирчид 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль цуглуулсан амжилтаар тэргүүлж шилжин явах цомын эздээр тодорсон бол 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль цуглуулсан амжилтаар ЦЕГ болон ТТХГ-ууд аман хүзүүдлээ.
Шилдгүүдийн шагналыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг болон төрлийн цэргийн байгууллагын удирдлагууд гардуулан өгсөн юм.
Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд зохион байгуулагдсан тус тэмцээн нь төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнийг сорихоос гадна тэдний ур чадварыг дээшлүүлэх, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, практик буудлагаар хичээллэгч тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, буудлагын тамирчдын залуу халааг бэлтгэж цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн ач холбогдол өндөртэй тэмцээн болж өнгөрлөө.