Монгол Улсад үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны, мөн өнөөгийн Батлан хамгаалах яамны түүхт 110 жилийн ойн баярын хурлын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Тус ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, үе үеийн батлан хамгаалахын сайд нар, Монгол Улсад суугаа элчин сайдын яамдын батлан хамгаалахын атташе нар болон бусад албаны хүндэт зочид төлөөлөгчид оролцсон юм. Баярын хурлыг нээж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ, “Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүйн гурван цагийн хэлхээст түүх нь Монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой билээ. XX зуунд Монголчууд бидний оршин тогтнох, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн түүхэн үйл явдлууд олон тохиосны дотор эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байсан юм. Энэхүү хувьсгалаар Богд хаант Монгол Улсаа даяар олноо зарлан тунхаглаж, таван яам бүхий Засгийн газраа байгуулсны нэг нь Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу өдгөөгийн Батлан хамгаалах яам байсан түүхтэй. Шинэ зууны хөгжил дэвшлийн түүхэн хугацаанд тус яам нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, бичиг үсэгт сургаж, соён гэгээрүүлэх, улс ардын аж ахуйг хөгжүүлэх зэрэг энх цагийн бүтээн байгуулалтын үйл хэрэгт тэргүүлэн оролцож, нийгмийн бүхий л салбарын анхдагч, хөгжлийн ундарга, хөдөлгөгч хүч нь болж, Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үнэлж баршгүй бодит хувь нэмэр оруулсныг энэхүү баярын өдөр онцлон дурдаж байна. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж байгаа эрхэм хамтран зүтгэгчид та бүхэндээ Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын түүхт 110 жилийн ойн баярын мэндчилгээг дахин дэвшүүлж, эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” хэмээв.
Үргэлжлүүлээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр түүхт ойн үндсэн илтгэлийг тавилаа. Тэрээр илтгэлдээ, “Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг эрхэмлэн тэмцэгч бидний өвөг дээдэс маань 110 жилийн тэртээх цагаагчин гахай жил Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэж, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсаа тунхаглан, магнай тэнийж байсан тэр цаг үе эдүгээ 110 жилийн түүхэн ойтойгоо золгож байна.
Төрийн захиргааны төв байгууллага-Монгол Улсын Батлан хамгаалах яам цаашид ч батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг ялалт амжилт өөд залуурдан хөтөлж, Монгол Улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнолыг батлан хамгаалж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулан, өөрт оногдсон үүргээ нэр төртэй биелүүлсээр байх болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын түүхэн замналыг тод томруунаар хүүрнэсэн юм. Мөн тэрээр хүндэт индрээс Монгол Улсын нийт иргэд, БХЯ-нд ажиллаж байсан үе үеийн ахмад дайчид, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө эдүгээ мөр зэрэгцэн зүтгэж байгаа эрхэм хамтран зүтгэгчдэдээ Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110 жилийн түүхт ойн баярын мэндийг дэвшүүллээ.
Монголчууд бид Төр улсаа байгуулж, түүх шастираа зузаалсан баатарлаг, бахархам дайчин замналтай өвөг дээдсийнхээ амиа дэвсэж, цусаараа тамгалсан ариун нандин эх орныхоо халуун гал голомтыг сахин, дэлхийн хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн эв хамтыг эрхэмлэн хөгжсөөр эдүгээ 2 дахь мянгандаа аж төрж байна. Энэ түүхэн цаг үед Монгол Улсын Батлан хамгаалах яам нь 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн зэвсэгт тулгаралтын хүнд бэрх жилүүдэд улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хил хязгаарын бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослын аюулаас ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үүргийг амжилттай удирдан зохион байгуулсан юм. Эдгээрт амь бие, залуу халуун насаа үл хайрлан тулалдаж, тэмцэж, гар бие оролцож явсан ахмад дайчид бол энэ салбарын тулганы чулуу юм. Эдгээр ахмад дайчид энэ өдрийн хүндэт зочид мөн бөгөөд Батлан хамгаалахын сайд, сайдын зөвлөлийн гишүүд ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэв.