МЭНДЧИЛГЭЭ

153

Эх орноо батлан хамгаалах үйл хэргийн төлөө оюун ухаан, мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан азай буурлууд, ахмад дайчид, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчид Та бүхэндээ Билгийн тооллын XVII жарны буян түгээгч “Сайжруулагч” хэмээх усан Бар жилийн сар шинийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй шороон Үхэр жилд бид бүхэн хуулиар хүлээсэн үндсэн үүргийнхээ зэрэгцээ түүхт их ойнуудаа амжилт бүтээлээр дүүрэн угтсан, Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газрыг шинээр байгуулсан, Зэвсэгт хүчний дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг батлуулсан, гадаад хамтын ажиллагаагаа идэвхжүүлсэн, энхийг дэмжих ажиллагааны оролцоог улам өргөжүүлэх алхмуудыг амжилттай хэрэгжүүлсэн, цэргийн зориулалттай техник, хэрэгслийг өөрийн оронд анх удаа үйлдвэрлэж хүлээн авсан, улс орныхоо стратегийн бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцсон, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудаа жишиг хотхон болгох, эко орчныг бүрдүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлсэн хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн амжилттай ажиллалаа.

Зэвсэгт хүчин маань түүхт 100 жилийнхээ ойгоор Монгол төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан одон” хүртсэн нь Монгол Улсын төр засаг, ард түмэн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл хэргийг хэрхэн үнэлж буйн тод илэрхийлэл боллоо. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчний өмнө тулгамдсан зэвсэглэл, техникийн шинэчлэл, бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшнийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний алба хаах орчин, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг улам боловсронгуй болголоо.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, өвчний дэгдэлт, тархалтыг таслан зогсоох, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд манай цэргийн эмч, эмнэлгийн ажилтнууд тэргүүн эгнээнд ажиллаж, 10 гаруй мянган хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн төдийгүй коронавирусийн шинэ хувилбаруудын халдварын эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн төр засгаас даалгасан үүргийг хариуцлагатай биелүүлж байгааг бахархан тэмдэглэж байна. Өнгөрч буй жил төр улс, цэргийн түүхэнд онцгой ач холбогдолтой Богд хаант Монгол Улсын Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 110, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойнууд тохиож, ёслол төгөлдөр хамтдаа тэмдэглэлээ.

Цагаан сар бол төрт ёс, зан заншлаа хүндлэн дээдэлдэг түүхэн уламжлалтай, өтгөс буурлаа хүндэтгэж, сургаал, ерөөлийг нь сонсдог ухаан билигт Монгол түмний өвлийг өнтэй давж, урин дулаан хаврын улиралтай учран золгосны эрхэм дээд баяр билээ. Айлчлан ирж буй Бар жилийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалах талаар туссан зорилт, арга хэмжээнүүдийг бодит ажил хэрэг болгосон, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох стратегийн зорилгыг хэрэгжүүлсэн, их бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, зэвсэглэл, цэргийн техникийн шинэчлэл хийгдсэн амжилт бүтээлээр арвин жил болно хэмээн бэлгэшээж байна.

Угтан золгож буй XVII жарны буян түгээгч “Сайжруулагч” хэмээх усан Бар жилд Та бүхний минь санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдээр бялхахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР