“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, “Монгол Улсын “Батлан хамгаалахын цагаан ном”-ын гурав дахь хэвлэлийн нээлтийн арга хэмжээг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
“Батлан хамгаалахын цагаан ном”-ыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг, цэргийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт туссан төрийн батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны гол үзэл санаа, зарчимд нийцүүлж, Монгол Улсын аюулгүй байдлын орчин, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлогын үндэс, Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэл, хөгжил, Монгол Улсын Зэвсэгт хүчин олон улсын энхийг дэмжих ажиллагаанд гэсэн нийт 5 бүлэгтэйгээр бүтээж, уншигч олны хүртээл болгож байна.
“Батлан хамгаалахын цагаан ном”-ын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Б.Баярмагнай, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд доктор (Ph.D.), профессор Р.Болд, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, ахмад дипломатч, судлаач-профессор Д.Баярхүү болон гадаад улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташе нар БХЯ, ЗХЖШ, ҮБХИС болон БХЭШХ-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид зэрэг 60 гаруй зочид төлөөлөгчид уригдан оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нээлтийн ажиллагаанд баяр хүргэж үг хэлэхдээ: “Батлан хамгаалахын шинэ бодлогын үзэл санаанд нийцүүлэн “Батлан хамгаалахын цагаан ном”-ын 3 дахь хэвлэлийг 20 гаруй жилийн дараа дахин бүтээсэн бөгөөд энэхүү ном нь шинэ зууны нөхцөлд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн батлан хамгаалах бодлогыг гадаад, дотоодод таниулахад чухал ач холбогдолтой бүтээл болсон” гэдгийг онцолсон юм.