ТОО БУС ЧАНАРТ АНХААРЧ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙГ ҮҮРЭГ БОЛГОВ

97

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу Батлан хамгаалах салбарынхан “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдээд байгаа. Өнгөрсөн оноос эхэлсэн тус ажлын явц, үр дүн цаашид хийгдэх ажлыг тодотгохоор Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай өнөөдөр БХЯ-ны харьяа байгууллагын дарга нартай хуралдлаа. Хурлын эхэнд БХЯ-ны харья байгууллагын удирдлагууд “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн болон хийгдэж буй ажлаа танилцуулав.

Үүний дараа Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай удирдлагуудад доорх үүргийг өглөө. Үүнд, Байгууллага бүр ойр орчмоо хэрхэн зүлэгжүүлэх моджуулах тодорхой төлөвлөгөөтэй байж, дэвсгэр зургийг бодитоор хийх, дээрх ажлыг гүйцэтгэх алба хаагчдын сургалтад хамруулж мэргэшүүлэх. Товч бөгөөд тодорхой, бодит ажил хэрэг болох төлөвлөгөө боловсруулахыг үрэгдлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “Улс орон даяар хэрэгжиж байгаа “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Батлан хамгаалах салбар манлайлан оролцож байгаа. Энэ эрчээ цаашид алдаж болохгүй. 2030 он гэхэд нийт 7 мянган га талбайд 22 сая мод, сөөг, бутлаг ургамал тарьж ургуулна гэсэн зорилго тавин ажиллаж байна. Хэдий ийм зорилготой ч тоо бус чанарт анхаарч ажиллахыг чухалчлах хэрэгтэй. Мод тарих энэхүү хөдөлгөөн экологийн тэнцвэрт байдлыг хангаж цөлжилтийг бууруулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.