БАТЛАН ХАМГААЛАХЫН ЕРӨНХИЙ ХЯНАН ШАЛГАГЧ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

273

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Хяналтшинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зэвсэгт хүчний бэлэн байдал, зэвсэглэл цэргийн техникийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Пүрэвдорж, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимийн цэргийн сэтгэл зүйн багш, ахлах дэслэгч Г.Амгалан нарын ажлын хэсэг хөдөө орон нутгийн анги салбаруудад энэ сарын 13-15-ны хооронд ажиллаж байна. Тодруулбал Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замыг сэргээн сайжруулах ажилд оролцож буй Барилга Инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 110, 341 дүгээр анги болон Хуурай замын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр анги, Тусгай хүчний цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Агаарын цэргийн командлалын харьяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 322 дугаар салбарт ажиллаж байна. Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч анги салбарын барилга байгууламж, цэргийн байр, хугацаат цэргийн алба хаагчдын амьдарч буй орчин нөхцөлтэй танилцаж тэдний санал сэтгэгдлийг сонсож анги салбаруудын бие бүрэлдэхүүнтэй уулзаж батлан хамгаалах бодлого, зорилт, салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн, цаашид хийгдэх онцлох ажлуудын талаар мэдээллийг өгч ажиллаж байна.

Түүнчлэн ажлын хэсгийн гишүүд Батлан хамгаалах бодлог үйл ажиллагааг сурталчлах уулзалтыг зохион байгуулж анги салбарын бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаагчдыг оролцуулан цэргийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч, ёс зүй, харилцаа хандлагын талаар сургалт явуулах юм. Мөн анги салбаруудын зэвсэг, галт хэрэглэлийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцаж сум галт хэрэглэлийн аюулгүй байдалд үзлэг хийж байна.

Дэслэгч Н.ЭНХТОГТОХ