БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР НИЙТ 27 САЯ МОД ТАРЬЖ, УРГУУЛАН НОГООН ОРЧНЫГ БИЙ БОЛГОНО

217

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ 2030 он гэхэд Монгол Улс тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэхээр мэдэгдсэн. Энэ хүрээнд Батлан хамгаалах салбараас 2021-2030 он олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд дээрх ажлыг танилцуулах зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, ХААИС-ийн Агро экологийн сургуулийн захирал доктор, дэд профессор А.Буянбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Танилцуулах уулзалт зөвлөгөөний үеэр БХЯ-ны БХЗГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбараас 2021-2030 он хүртэл хийгдэх ажлуудыг танилцуулсан юм. Тодруулбал, Батлан хамгаалах салбараас 2021-2030 он хүртэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах, Мод үржүүлгийн газар байгуулах, Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудад ногоон хотхон байгуулж, агро-ойжуулалтыг хөгжүүлэх, хот хоорондын авто замын дагуу ногоон зурвас байгуулж, заган ойг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, салбарын алба хаагчдыг амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж агро-экологийн мэдлэг олгох, экологийн сургагч багш бэлтгэх төсөл зэрэг олон арга хэмжээг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-экологийн сургууль, Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбоо, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран 2022-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсан бүгдийн үр дүнд Батлан хамгаалах салбар энэхүү төслийн хүрээнд нийт 27 сая мод тарьж, ургуулан ногоон орчныг бий болгох юм юм.

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хот болон хангайн бүс, говийн бүсэд байрлах Зэвсэгт хүчний 9 ангийн байршилд 7 мод үржүүлгийн газар, 2 Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төвийг байгуулахаар ажиллаж байгаа. Үүнд мод үржүүлэг- агро экологийн сургалтын төвийг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн 8 га талбайд, Дорноговь аймгийн Өргөн сум Зүүнбаянд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн 10 га талбайд тус тус байгуулах бол мод үржүүлгийн газрыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Сонгинод Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн 2 га талбайд, Төв аймгийн Батсүмбэр суманд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 5 га талбайд, Төв аймгийн Алтанбулаг суманд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 2 га талбайд, Завхан аймгийн Улиастай хотод Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 2 га талбайд, Эрдэнэт хотод Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 3 га талбайд, Говьсүмбэр аймгийн нутагт Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн 4 га талбайд, Дорнод аймгийн Чойбалсан суманд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн эзэмшлийн 3 га талбайд тус тус 39 га талбайд тус тус байгуулахаар ажиллаж байна. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах төслийн хүрээнд “Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой –Зүүнбаян чиглэлийн 416,1 км урт төмөр замын трасс нь 2020 оны цөлжилтийн үнэлгээгээр “хүчтэй болон сул цөлжилттэй газрын доройтолд өртсөн” ангилалд багтсан Дорноговь аймгийн Сайншанд, Улаанбадрах, Сайхандулаан, Мандах сумд, Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций зэрэг сумдын нутгаар дайран өнгөрдөг. Иймд төмөр замын суурь бүтэц, далан, гүүр хоолой, цахилгаан дамжуулах агаарын шугам зэргийг шороон шуурга болон элсний нүүдлээс хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, хамгаалалтын ногоон зурвас байгуулах бодитой арга хэмжээ авах шаардлага үүссэн. Тиймээс дээрх төслийн хүрээнд төмөр замын 416,1 км трассын 2 талд хамгаалалтын хашаа, усалгааны систем бүхий тус бүр 5 эгнээгээр говийн нөхцөлд ургах боломжтой 11 төрлийн 3,029,000 ширхэг мод, бутыг 646 га газарт 2022 оноос 2030 онд тарьж ургуулах юм. Түүнчлэн Тавантолгой –Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу 6 өртөө, зөрлөг тус бүрд 1 га буюу 6 га газарт хүлэмжийн аж ахуй бүхий агро аж ахуйг байгуулан хөгжүүлж, мод бут тарихыг зэрэгцээ хүнсний ногоо, жимс жимсгэнэ ургуулж, өртөө зөрлөгийн оршин суугчдын хэрэгцээний тодорхой хэсгийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг ногоон хотхон болгох, агро-парк байгуулах төслийн хүрээнд анги, байгууллагын өнгө үзэмжийг дээшлүүлэх, эрүүл ногоон орчныг байгуулах зорилгоор Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл анги, салбаруудын нийт 50 байрлалд 2022 оноос 2030 он хүртэл хугацаанд төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн хүрээнд батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын байрлалд 800.000 мод бут, сөөг тарьж ургуулах юм.

Хот хоорондын авто замын дагуу орон нутгийн байгууллагуудтай хамтран ногоон зурвас байгуулах төслийн тухайд Замын тоосжилт, агаарын бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг сайжруулах, мал амьтны эрсдэлээс хамгаалах зорилгоор энэхүү төслийг орон нутгийн байгууллагуудтай хамтран Эрдэнэт хотоос –Төв аймгийн Жаргалант сум, Улаанбаатар хотын Налайх дүүргээс Говьсүмбэр аймгийн Чойр хот, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг Эмээлтээс эхлэн Баруун аймгуудыг холбон хатуу хучилттай зам дагуу 2022-2030 он хүртэл нийт 8,000,000 ширхэг модыг 2000 км зурваст тарьж ургуулах юм.

Мөн энэ онд Улаанбаатар хот -Баруун аймгуудыг холбосон хатуу хучилттай зам дагуу 2 талаар нь 3 эгнээ 334,400 ширхэг шилмүүст ойн зурвас байгуулахаар ажиллаж байна.
Заган ойг нөхөн сэргээхэд оролцох mөслийг ХААИС-ын Агроэкологийн сургууль, Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооноос боловсруулсан судалгаанд үндэслэн Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Ганзага уул, Улаанбадрах сумын нутаг Бага Номгон уул орчмын заган ой бүхий нутаг дэвсгэрийг 5,000,000 ширхэг заг буюу жилд дунджаар 550,000 ширхэг заг тарьж нөхөн сэргэх юм. Мөн загийн үр, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлсний үндсэн дээр энэ онд Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Ганзага уул орчмыг сүйдэж, нөхөн сэргээх шаардлагатай 15,2 мянган га талбайд заган ойн нөхөн сэргээлтийг эхлүүлнэ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт орших Заган ойгоос 20 кг загийн үр түүж, үрслүүлэн тарьж ургуулах бэлтгэлийг хангад байгаа юм.

Дараагийн дугаарт Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд салбарын алба хаагчид нийт 810,000 мянган мод тарихаар тооцож байна. Салбарын алба хаагчдад мод, бут тарих, ногоон байгууламж байгуулж байгуулах ажилд мод үржүүлгийн газруудаас жилд 115.000 тарьц, суулгацаар дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангана.

Батлан хамгаалах салбарын алба хаагчдад агро-экологийн мэдлэг олгох, экологийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах төлийн тухайд бол Агроэкологийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг ХААИС-ийн Агроэкологийн сургуультай хамтран анхан, ахисан болон сургагч багш бэлтгэх гэсэн 3 шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж ХААИС-ийн Агро-экологийн сургуультай сургалт зохион байгуулахаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудаас суралцах хүсэл сонирхолтой алба хаагчдыг анхан, ахисан шатны сургалтад хамруулан, сургагч багш бэлтгэх шатанд сонгож сурган мэргэжил олгож байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна.

“Хамтран ажиллах гэрээ” сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Агро-экологийн мэдлэг олгох анхан шатны сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 24-ний өдрүүдэд 14 хоногийн хугацаатай, ахисан шатны сургалтыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай цахим системээр зохион байгуулсан. Анхан шатны сургалтад давхардсан тоогоор 23,400 хүн, ахисан шатны сургалтад 2,300 алба хаагч, ар гэр, бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагч нар хамрагдсан.

Сургагч бэлтгэх сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 21-өдрүүдэд Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургууль, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн Өлзийт хороолол дахь мод үржүүлгийн газрын материаллаг баазыг түшиглэн 7 хоногийн хугацаатай зохион байгуулсан. Тус сургалтад Батлан хамгаалах яамны харьяа 12 байгууллагын 18 алба хаагч, Зэвсэгт хүчний 43 нэгтгэл анги, 21 салбараас нийт 90 алба хаагч, салбарын ахмадуудаас 10, нийт 118 сургагч багшийг бэлтгэлээ. Тус сургалтад давхардсан тоогоор нийт 25,390 хүн оролцож агро экологийн мэдлэг эзэмшсэн юм.

Үүнээс гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 350 дугаар тогтоолд заасан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, ургуулах ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах” арга хэмжээг хэрэгжүүлэхээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн боломж, тооцоог боловсруулан ажиллаж байгаа юм.

Офицеруудын ордноо зохион байгуулагдсан дээрх танилцуулах зөвлөгөөний хүрээнд Зэвсэгт хүчний 120, 186, 256, 336 дугаар ангиудад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар ангийн захирагчид цахимаар холбогдож мэдээлэл өгсөн юм. Мөн офицеруудын ордноо ногоон байгууламжийн ашиглалдаж буй техник хэрэгсэл, ногоон таримал ургамлын үзэсгэлэнг дэлгэснийг хүндэт зочид төлөөлөгчид үзэж сонирхлоо.