Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах “Марш-Тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалд зургаан хоногийн туршид амжилттай явагдаж өндөрлөлөө.
Хаалтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор нарын хүндэт зочид төлөөлөгчдөөс гадна Зэвсэгт хүчний 33 нэгтгэл, ангийн 1500 гаруй алба хаагчид оролцлоо.
Цэргийнхний олимп болсон энэхүү тэмцээний эхний гурван өдөрт оны аварга эрэгтэй, эмэгтэй офицер, ахлагчаа шалгаруулж, үргэлжлүүлэн гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, норматив бэлтгэлүүдийг нь шалгав.
Сүүлийн гурван өдөрт нь цэргийнхний мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, тэсвэр хатуужил, эр зориг, хурд хүч шаардсан гол тэмцээнээр амжилттай буухиалав.
Тэмцээний Ерөнхий шүүгчээр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, нарийн бичгийн даргаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамирын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажилласан юм.
Зэвсэгт хүчний 2022 оны аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний “Эрэгтэй ахлагч”-ийн төрөлд тэргүүн байрт ахлагч М.Энхбат (186), дэд байрт ахлах ахлагч Г.Пүрэвдорж (150), гутгаар байрт ахлагч П.Элбэгдорж (327), “Эмэгтэй ахлагч”-ийн төрөлд тэргүүн байрт ахлагч Э.Ариунтунгалаг (011), дэд байрт ахлагч П.Мөнгөнсаран (189), гутгаар байрт ахлагч С.Баярцэцэг (016) нар шалгарав.
“Эмэгтэй офицер” төрөлд дэслэгч У.Энх-Оюун (310), дэд байрт ахлах дэслэгч Н.Ууганцэцэг (311), гутгаар байрт спортын дэд мастер, ахлах дэслэгч Ш.Отгонцэцэг (119), “Салааны захирагч”-ийн төрөлд тэргүүн байрт дэслэгч А.Бат-Эрдэнэ (311), дэд байрт дэслэгч С.Идэрболд (327), гутгаар байрт дэслэгч Ц.Ганбаатар (256) нар шалгарч, бусдыгаа хошуучиллаа.
“Ротын захирагч”-ийн төрөлд ахмад Б.Ариунболд (016) тэргүүлж, дэд байрт ахлах дэслэгч Ц.Лхагвасүрэн (256), гутгаар байрт ахлах дэслэгч С.Төртогтох (150), “Батальоны захирагч”-ийн төрөлд тэргүүн байрт цэргийн спортын мастер, ахмад Б.Цээноров (350), дэд байрт ахмад Б.Даваадорж (016), гутгаар байрт хошууч Р.Ариунбаатар (150) шалгарч, журмын нөхдөө манлайлав.
Эмэгтэй багийн төрөлд хурандаа Ц.Буянжаргал захирагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, хурандаа А.Бүрнээбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн баг тамирчид эхний гурван байрыг эзэлж, дайчин нөхдийнхөө өмнө шагналаа баяр, бахдалтайгаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болороос гардан авлаа.
Харин эрэгтэй багийн төрөлд бригадын генерал Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги, хурандаа Д.Жигжидсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн баг тамирчид нэгдсэн дүнгээр эхний гурван байрыг эзэлж, олныхоо алга ташилт, уухайн түрлэг дунд алдар, гавьяагаа дуудуулан шагналын тавцан өөд гүйцгээлээ.
Үргэлжлүүлэн хурандаа Д.Цог-Эрдэнэ багийн төрөлд буюу 15 байнгын бүрэлдэхүүний салаа, 16 хугацаат цэргийн алба хаагчдын салаа болон 16 эмэгтэй цэргийн алба хаагчдын тасгаас манлайлагчдыг зарлаж, шагналыг нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг тэргүүтэй удирдлагууд гардуулсан юм.
Хугацаат цэргийн алба хаагчдын салааны тэргүүн байрт хурандаа А.Бүрнээбаатар захирагч, ахлах дэслэгч Б.Цэнгэлсүрэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн баг (1:22:10.68), дэд байрт хурандаа Х.Энхболд захирагч, дэслэгч Л.Мөнхбат салааны захирагчтай Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн баг (1:24:51.98), гутгаар байрт бригадын генерал Т.Лодойдамба захирагч, ахлах дэслэгч Б.Төвжаргал салааны захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн (1:28:04.07) хугацаат албаны дайчид шалгарлаа.
Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасгийн тэргүүн байрт бригадын генерал Т.Лодойдамба захирагч, ахлах дэслэгч П.Цамбагарав ахлагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн тасаг (0:36:00.82), дэд байрт хурандаа Ч.Эрдэнэболд захирагч, ахлах дэслэгч Т.Номунзаяа ахлагчтай Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тасаг (0:42:26.30), гутгаар байрт хурандаа Ц.Буянжаргал захирагч, ахлах дэслэгч Н.Ууганцэцэг ахлагчтай Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн тасаг (0:44:18.97) шалгарч, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдыгаа тэргүүлэв, тэд.
Байнгын бүрэлдэхүүний салааны тэргүүн байрт хурандаа Д.Шинэбаяр захирагч, ахлах дэслэгч С.Цэрэнням салааны захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг (1:08:30.72), дэд байрт дэд хурандаа А.Гүрбадам захирагч, ахлах дэслэгч Ц.Лхагвасүрэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн баг (1:12:41.87), гутгаар байрт дэд хурандаа Б.Олзбаяр захирагч, дэслэгч Т.Тэмүүлэн салааны захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн баг тамирчид (1:14:54.67) шалгарч, шагналаа гардан авав. Спортын талбарт хүчтэй өрсөлдөгчид хэдий ч эх орон, тусгаар тогтнол, ард түмнийхээ төлөө зүтгэхэд гар нийлсэн эрхэм хамтрагчдад дараа жилийн уралдаан даанч хол байна гэлцсээр тарлаа.