БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 336 ДУГААР АНГИД

324

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ өдөр мөн Зэвсэгт хүчний 336 дугаар ангид ажиллалаа. Батлан хамгаалах сайдыг дагалдаж БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ч.Цогтжаргал, , БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, БХЗГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр, ГХАГ-ын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Д.Дугаррагчаа, “Монгол генерал” төвийн тэргүүн хошууч генерал С.Баасанхүү нар байлцлаа.

Батлан хамгаалахын сайд тэргүүтэй төлөөлөгчид тус ангид хүрэлцэн ирэхэд Зүүнбаян цэргийн хүрээний хүндэт харуул угтан авлаа. Аймаг орон нутагт явагдаж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус ангид ч нэлээдгүй ажлууд хийгдэж байгаагийн нэг “Эко хотхон” байгуулах төслийг эхлүүлж буй явдал бөгөөд ирсэн зочид энэхүү хотхоны мод тарихад гар бие оролцлоо. Анги, байгууллагын орчныг ийнхүү эко хотхон болгосноор тэдгээрийн өнгө, үзэмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн хувь нэмрээ оруулах юм.

Мөн энэ үеэр ангийн түүхт 90 жилийн ойг угтаж жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус цэцэрлэгт хүрээлэн ангийн чанх урд байгуулагдаж байгаа бөгөөд 400 ширхэг хайлаас модны суулгац, 1000 ширхэг буйлс модны үрийг суулгаснаас гадна усан оргилуур, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөг байршуулжээ. Мөн хүндэт самбарт нь их говийн гарнизонд үйл ажиллагааг явуулж байсан ангиудын нэрийг хүндэтгэн залж, мөнхөлсөн нь ихээхэн онцлог болжээ. Үргэлжлүүлээд ангийн захирагч хурандаа А.Болдбаатар ангийн байр, хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудаа танилцууллаа.