“БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

168

Эл сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр ҮБХИС-ийн “Сүбэдэй” танхимд боллоо. Тус хурлаар батлан хамгаалах салбарт эмэгтэй алба хаагчдын эзлэх байр суурь, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлан дүгнэсэн судалгааны үр дүнд үндэслэн, цаашид хэрэгжүүлэх боломжит арга хэмжээ, үйл ажиллагааны төрөл, хэлбэрийн талаар санал зөвлөмж боловсруулах боломжийн талаар хэлэлцсэн юм.
Хуралд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болор, БХЯ-ны ГХАГ-ын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, БХУА-ийн захирал бригадын генерал Л.Онцгойбаяр нарын хүндэт зочид болон БХЯ, ЗХЖШ, ҮАБЗ-ийн ажлын алба, БШУЯ, МЦНХ, ҮБХИС, БХЭШХ-ийн албан тушаалтан, багш, эрдэмтэд оролцлоо.
Дэлхий нийтээр тэгш байдлыг энх тайван, аюулгүй байдлын үндэс суурь хэмээн үзэж, нийгмийн гишүүн бүр боломж, нөөц, үйлчилгээ, хамгааллыг тэгш хүртэж, шийдвэр гаргахад тэгш оролцохын чухлыг онцолсоор байна. Үүнтэй холбоотойгоор жендерийн тэгш байдал нь хөгжлийн явцад оролцох болон үр шимийг нь хүртэх боломжийг эмэгтэй, эрэгтэй хүмүүст, нийгмийн бүлгүүдэд тэгш бүрдүүлэх ойлголт бөгөөд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” (UNDP, 2016) -ийн “хөгжлийн явцад хэнийг ч үл орхигдуулах” зарчмыг хэрэгжүүлэх арга зам болж байна.
Бүх насны эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг ялгаварлан гадуурхалт, шударга бус хандлагаас сэргийлсэн ажлын орчин нөхцөлийг бүрдүүлэх, ялгаатай хэрэгцээг анхаарч, ажил, ар гэрийн тэнцвэрийг хангах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгууллагын хөгжлийг хурдасгах, хувь хүний болон гэр бүлийн хөгжлийг дэмжихэд бодит нөлөө үзүүлдэг нь олон судалгааны үр дүнгээр батлагдсан байдаг.
Батлан хамгаалах салбар болон бусад салбаруудын хувьд жендерийн талаар баримтлах бодлогыг үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн нь салбарын харьяа байгууллагуудын хүний нөөцийн хөгжилд төдийгүй эрэгтэй, эмэгтэй, ялгаатай хэрэгцээтэй хүн бүрд үр өгөөжтэй байж тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг болох нь тодорхой юм.
Иймд салбарын жендерийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг дэмжих, сайжруулах ажлын хүрээнд БХЭШХ-д 2021-2022 онд хэрэгжүүлсэн “Батлан хамгаалах салбарт эмэгтэй албан хаагчдын эзлэх байр суурь, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа” сэдэвт судалгааны ажлын үр дүнг танилцуулах, үүнтэй холбоотой илтгэл хэлэлцүүлэх, санал, зөвлөмжийг дүгнэн нэгтгэх зорилгоор “Батлан хамгаалах салбарын эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ийнхүү зохион байгуулсан юм.
Хуралд Жендерийн үндэсний хорооны салбар дундын бодлого, зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа “Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын бодлого төлөвлөлт, хамтын ажиллагаа”, БХЭШХ-ийн БХДШТ-ийн ЭШАА, доктор Б.Баатарсүрэн, “Батлан хамгаалах салбарт ажиллаж буй эмэгтэй албан хаагчдын салбартаа эзэлж буй байр суурь, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” сэдэвт судалгааны үр дүн, санал зөвлөмж, ҮАБЗ-ийн Ажлын албаны Стратегийн бодлогын хэлтсийн дарга, доктор, хурандаа Р.Энхболд “Цэргийн байгууллагад эмэгтэй алба хаагчдыг ажиллуулж буй гадаадын зарим орны туршлага, сургамж”, ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн Олон улсын гэрээ, эрх зүйн мэргэжилтэн ахмад Б.Золжаргал “НҮБ-аас гаргасан Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал тогтоолыг Зэвсэгт хүчинд хэрэгжүүлж буй улс орнуудын туршлага” зэрэг олон сонирхолтой илтгэлийг хэлэлцэв. Энэ бүгдээс Батлан хамгаалах салбарын эмэгтэй албан хаагчдын хөдөлмөрийн хуваарилалт, ажлын ачаалал, онцлог, хэрэгцээ мөн бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх боломж, үүрэг хариуцлага зэргийг шинжлэн дүгнэсэн, цаашид хэрэгжүүлэх бодлого, шийдвэр гаргалтад ашиглаж болохуйц судалгааны чанартай материал бүрдүүлж буй юм.