ЦЭНХЭР ДУУЛГАТ ЦЭРГИЙН БҮСГҮЙЧҮҮД ЧУУЛЛАА

135

Монгол цэрэг НҮБ-ын болон олон улсын бусад ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах өдөрлөг”-ийг Соёлын төв өргөөнд өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, НҮБ-ын суурин төлөөлөгч ноён Табан Мишра, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, эмэгтэй энхийг сахиулагчид оролцлоо.

Эмэгтэй энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүлэх энэхүү өдөрлөгийн арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нээж үг хэлэв. Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчид тэр дунд эмэгтэй энхийг сахиулагчдын талаар бахархам гавьяаг индэр дээрээс дурдаж байв. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоо нь анхны цэргийн 2 ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар давхардсан тоогоор 20000 гаруй цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд байгаагийн 873 нь эмэгтэй цэргийн алба хаагч гэсэн бахдам тоо байдаг. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1957 онд анх удаа эмэгтэй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2022 оны дөрөвдүгээр сарын байдлаар НҮБ-ын энхийг сахиулах 12 ажиллагаанд 76 мянга гаруй цэрэг, цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагийн долоон хувь нь эмэгтэйчүүд байна. Харин Монгол Улсаас анх удаа 2005 онд Баруун Сахарт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “MIN-URSO” ажиллагаанд хурандаа Н.Нямжаргал ахмад цолтой байхдаа цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэрийн алба хаагчдын шанг татсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар манай улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 26 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Этиоп болон Руанда улсууд тус бүр 500-гаас илүү эмэгтэй энхийг сахиулагчдыг ажиллагааны газар оронд илгээснээр жагсаалтыг тэргүүлж байна.

Цаашид ч Монгол Улсын Зэвсэгт хүчин “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс”, “Зэвсэгт хүчний тухай”, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хууль, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”, болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэх, энхийг сахиулах ажиллагааны чадавх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг НҮБ-ын үнэлгээний багт танилцуулан, үнэлүүлэн ажиллаж байгаа юм. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальонууд нь орон нутгийн иргэдэд чиглэсэн Иргэн-цэргийн харилцааны болон сайн үйлсийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанууд тэр дундаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулах, сурч боловсрох нөхцөл байдлыг бүрдүүлэх, инженерийн туслалцаа дэмжлэг үзүүлэх зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тиймээс дээр дурдсан олон талт ажиллагаанд энхийг сахиулагч бүсгүйчүүдийн үүрэг оролцоо чухал агаад эрхэм билээ.

Тийм ч учраас “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулж, эрэлхэг энхийг сахиулагч бүсгүйчүүддээ ийнхүү хүндэтгэл үзүүлж буй юм. Өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нийт бүсгүйчүүдэд хандаж баяр хүргэн үг хэлж, шилдэг эмэгтэй энхийг сахиулагчдад дурсгалын зүйл гардуулав. Мөн “Монголын эмэгтэй энхийг сахиулагчид” видео танилцуулгаас гадна Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтийг сурталчилсан гэрэл зургийн болон Монгол цэргийн музейн үзүүллэгийн үзэсгэлэн дэлгэжээ. Тус үзэсгэлэнд НҮБ-ын энхийг сахиулах “UNAMID”, “UNMIL”, “UNMISS” ажиллагаа, ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлийг харуулсан гэрэл зургийн болон тухайн цэргийн баг, цэргийн алба хаагчдын ашиглаж байсан эд өлгийн зүйлс багтсан байна. Мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цагдаагийн “Сүлд” чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудаас гадна Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын авьяаслаг энхийг сахиулагчдын оролцсон нэгдсэн тоглолтыг толилууллаа.