НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЭНХИЙН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ОРЛОГЧ Ж.П.ЛАКРУА МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛНА

104

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Ж.П.Лакруа энэ сарын 16-19-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрээр айлчлалынхаа үеэр Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хуралд оролцохын зэрэгцээ “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн үйл ажиллагаатай танилцах юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцож хэлсэн үгэндээ Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын хурлыг өөрийн эх оронд зохион байгуулахаа зарласан билээ. Энэхүү мэдэгдлийн дагуу Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурлыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Эл хурлын үндсэн зорилго нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” хэмээх 1325 тогтоолын хэрэгжилтийг дэмжих, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй сорил, бэрхшээл, түүнийг даван туулах, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон туршлага солилцоход чиглэгдэж байгаа юм.

Бага хуралд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Холбоо болон дэлхийн 30 орны 60 төлөөлөгч, Монгол Улсаас Зэвсэгт хүчин, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 25 энхийг сахиулагч эмэгтэй алба хаагч оролцоно. Түүнчлэн дэлхийн зарим улс орнуудад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах бүхий л ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын ажилтнууд, цэргийн багуудын удирдлага, цэргийн ажиглагч, штабын офицер, ахлагч нар, энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн төлөөлөл цахимаар нээлттэй оролцох юм.