Монгол Улсын Засгийн Газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Энхийн ажиллагаа хариуцсан орлогч ноён Жиан Пьер Лакруаг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён Ж.П Лакруад түүний урилгыг хүлээн авч, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр энэ онд Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчнээ оролцуулж эхэлсний 20 жилийн ой тохиож буйг онцлоод ойн хүрээнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар танилцууллаа.
Мөн өнгөрөгч 2021 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын хуралд оролцох үеэрээ өгсөн амлалтууд нь бодит ажил болж, хэрэгжиж буйг онцлов.
Цаашид НҮБ-ын баримталж буй бодлого, үйл ажиллагаа, дэвшүүлж буй санал санаачилгыг тууштай дэмжин оролцож, энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын хувь нэмрийг нэмэгдүүлэхээ илэрхийллээ.
Ноён Ж.П Лакруа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт Монгол Улсад урьсан явдалд талархал илэрхийлж, энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцож эхэлсний 20 жилийн ойн босгон дээр, тэр дундаа НҮБ-ын бодлого үйл ажиллагааг дэмжсэн, дэлхийн олон улс орнуудад сурталчлан таниулсан томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдаж буй энэ цаг мөчид айлчлан ирж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа онцлон тэмдэглэсэн юм.
Мөн НҮБ-ын энхийн ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, Монгол цэргийн алба хаагч, энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтыг өндрөөр үнэлж байгаагаа онцлон тэмдэглэж, цаашид бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Ноён Ж.П Лакруа Монгол Улсад хийж буй айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор Улаанбаатар хотноо 2022 оны 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хуралд болон “Хааны эрэлд-2022” НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуулийн үйл ажиллагаатай танилцах юм.