ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН ОРЛОГЧ ДАРГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ КРИС СМИТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

139

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Энэтхэг-Номхон далай дахь Америкийн Нэгдсэн Улсын Хуурай замын цэргийн командлалын орлогч дарга хошууч генерал Крис Смитыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа С.Гандирваа, ГХАГ-ын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн хурандаа С.Амарсайхан, Зэвсэгт хүчний Хуурай замын штабын дарга хурандаа Д.Дугарагчаа, АНУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ф.Лью болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Уулзалтаар хоёр орны Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь дээд, дунд түвшний харилцан айлчлал хийх, Батлан хамгаалах яамд хоорондын болон төрлийн цэргийн командлал хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт, дадлагаар харилцан туршлага солилцох зэрэг олон хэлбэрээр амжилттай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгаад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Энэтхэг-Номхон далай дахь Америкийн Нэгдсэн Улсын Хуурай замын цэргийн командлалын орлогч дарга хошууч генерал Крис Смит нар санал нэгдэж, сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлээд цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.