Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн урилгаар албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг Монгол уламжлал, ахуй соёлтой танилцуулах бэсрэг наадмыг Монгол Номадс жуулчны баазад зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа.
Монгол Улс цэнхэр дуулгатнаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд илгээсний 20 жилийн ой энэ жил тохиож байгаа. Уг тэмдэглэлт түүхэн ойд зориулсан бэсрэг наадамд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон уртын дуугаа өргөж, ардын бүжгээ толилуулав. Мөн ноён Антонио Гутерреш малчин айлд зочилж, монгол ахуй соёлтой танилцаж, эрийн гурван наадмыг үзэж сонирхов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш бэсрэг наадмыг үзэж сонирхсоны дараа “Халуун дулаанаар угтаж авсан Монгол орон мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танд гүн талархал илэрхийлье. Монголын түүх бол Монгол цэргийн түүх гэдэгтэй энэ цаг мөчид санал нийлж буйгаа энд онцолъё.
Ийм баялаг түүх, зан заншилтай ард түмэн тэр дундаа Монголын энхийг сахиулагчид бусад орнуудын энхийг сахиулагчдаас эр зориг, шаламгай байдал, дайчин чанараараа үргэлж ялгарч байдагт гайхах зүйлгүй мэт санагдав. Монгол Улсын энхийг сахиулагчдын дайчин эрэмгий байдал Монгол түмний цусанд байдаг аж. Үүнийг энэхүү бэсрэг наадмыг үзээд илүү ихээр ойлголоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.