“ДӨЛ”-ИЙН СУРАГЧИД УРЛАГИЙН ТОГЛОЛТООРОО ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ СУРТАЛЧИЛЛАА

83
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээнд оролцогч 21 аймаг, 9 дүүргийн шилдэг тасгууд 8 дугаар сарын 24-ний өдөр урлагийн тоглолтоо толилуулж, гэрийн даалгавраа танилцууллаа.
Сурагчид урлагийн тоглолтоор цэрэг-эх оронч үзлийг сурталчилж, монгол бахархал, эх хэл, түүх, өв соёл, ёс заншлаа дэлгэрүүлсэн зохиомжийг тайзнаа өргөн барьцгаав. Ингэхдээ нутаг нутгийн сурагчид түүхийн цаг хугацааг харуулсан хувцаслалтаар жигдэрч, зохиомжилсон жүжгээ мэргэжлийн уран бүтээлчдээс дутахааргүй толилуулж, шүүгчдээс өндөр оноо авч чадсан юм.
Гэрийн даалгаврын тухайд нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж, сайн үйлсийг уриалж, ахмад үеэ хүндэлж, сургаал үгийг нь сонсож, байгаль орчноо хайрлан хамгаалсан ажил, арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлснээ дүрс бичлэгээр танилцуулав. Ялангуяа орон нутаг, дүүргийнхээ ахмадуудад тусламж үзүүлэх, хашаа хороог нь цэгцлэхээс эхлээд түүхэн дурсгалт газруудын хог хаягдлыг цэвэрлэж, үеийн нөхдөдөө сайн үлгэрлэл үзүүлсэн байв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн тасаг бүр харьяа нутаг, дүүрэгтээ 300-1000 хүртэлх модыг үрсжүүлж тарьсан нь “Дөл”-ийнхний бахархал нь болж чадав.
Урлагийн тоглолт, гэрийн даалгаврын ахлах шүүгчээр Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Содномдаржаа, мэргэжлийн шүүгчээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч, хошууч Ш.Дамдинбазар, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжмийн албаны үндэсний хөгжмийн удирдаач, хошууч О.Эрдэнэцог нар ажиллалаа.