БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

317
Монгол Улсын Батлан хамгаалах яам, Австралийн Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын 7 дахь зөвлөлдөх уулзалт 2022 оны 09 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр зөвлөлдөх уулзалтыг нээж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг болон Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смит нар үг хэлэв.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Цог жавхлант Эрхэм Хатан хаан Хоёрдугаар Элизабет таалал төгссөнд Хааны гэр бүлд болон Австралийн Холбооны Улсын нийт иргэдэд Монгол Улсын Батлан хамгаалах яамны зүгээс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлэв.
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смит улсад нь тохиосон уй гашууг хуваалцсанд хариу талархал илэрхийлээд өнөөдрийн зөвлөлдөх уулзалт хоёр орны Батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэлээр олон санал солилцсон уулзалт болно гэдгийг онцоллоо.
Монгол Улс, Австралийн Холбооны Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны нэг чухал арга хэмжээ бол хоёр орны батлан хамгаалах аюулгүй байдлын асуудлаар Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт байдаг. Тус уулзалтаар талууд цар тахлын улмаас хойшлогдоод байсан зарим төлөвлөгөөт ажлуудыг сэргээхээс гадна хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлсэн үр дүнтэй уулзалт болно гэдгийг харилцан тэмдэглэв.
Уулзалтад Австралийн Холбооны Улсын БХЯ-ны Хойд Азийн гадаад бодлогын газрын дарга доктор Рачел Аллен, Австралийн Холбооны Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Жак Түминелло, Сөүлээс Монголыг хавсран суугаа Австралийн цэргийн атташе, Тэнгисийн цэргийн ахмад Крис Смит болон Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн, хурандаа С.Амарсайхан, мэргэжилтэн, хошууч Ц.Даваадорж, ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ж.Молорболд, Сөүл хотоос Австралийн Холбооны Улсыг хавсран суугаа Монгол Улсын Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Э.Түшиг нар оролцсон юм.