Г.САЙХАНБАЯР: МӨЧРӨӨР ҮРСЭЛГЭЭ БЭЛТГЭХЭЭС АЛЬ БОЛОХ ТАТГАЛЗАЖ, ҮРЭЭР ҮРСЭЛГЭЭ ХИЙХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

114

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулж хэд хэдэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг чухал арга хэмжээ нь алба хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг дээшлүүлэх зорилго бүхий Эко-ногоон хотхон төсөл юм. Улмаар Зэвсэгт хүчний 353, 014, 015, 336 дугаар ангиудад “Эко-ногоон хотхон” төслийг энэ онд хэрэгжүүлж, 13 мянган мод бут тарьж, зүлэгжүүлэхийн зэрэгцээ усалгааны систем, зам, талбай, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, хашаа, хайс байгуулах зэрэг шинээр хийж, засварлан тохижуулсан юм.

Өнөөдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага ажилтан, алба хаагчид нэгдэн Зэвсэгт хүчний 353, 014 дүгээр ангийн байрлалд мод тарьж, ногоон хөгжилд өөрсдийн хувь нэмрийг орууллаа. Тэд нийт 400 гаруй бургас, улиас, гацуур, нарсны суулгацыг суулгав.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар манлайлан оролцож 7 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, 2030 он гэхэд 27 сая ширхэг мод тарихаа зарласан. Энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 9 мод үржүүлгийн газар байгуулахаас энэ онд Зэвсэгт хүчний 310, 336, 017, 120, 186 дугаар ангиудад нийт 34 га талбайд 5 мод үржүүлгийн газрыг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүллээ. Цаашид үлдсэн Зэвсэгт хүчний 011, 311, 325, 327 дугаар ангиудад 4 мод үржүүлгийн газруудыг 2023 онд байгуулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Мод үржүүлгийн газруудаас жилд 6,2 сая орчим тарьц, суулгац бэлтгэгдэж гарна. Үүнийг нь төлөвлөсөн төсөл арга хэмжээнд нийлүүлэхийн зэрэгцээ өөрийн байр, орон сууц, хашаа байшин, амьдарч байгаа орчиндоо мод тарих хүсэл сонирхолтой алба хаагчиддаа дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна. Бид цаашдаа тарьц, суулгацыг бэлтгэхдээ мөчрөөр үрсэлгээ бэлтгэхээс аль болох татгалзаж, үрээр үрсэлгээ хийхээр зорьж байгаа тухайгаа онцолсон юм.

Түүнчлэн Батлан хамгаалах салбарын алба хаагчиддаа агро-экологийн мэдлэг олгох сургалтыг 3 үе, шаттайгаар зохион байгуулжээ. Үүний үр дүнд ойжуулагч, экологич мэргэжилтэй алба хаагчдыг бэлтгэж, анги байгууллагуудад 100 гаруй агро экологийн мэргэжлийн боловсон хүчнээр хангасан байна. Цаашдаа хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжил олгох сургалтад түлхүү анхаарч ажиллаж, байгаль эх дэлхийдээ хайртай нэгэн болгох үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхээр ажиллаж байна гэв.