БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР БНЭУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

189

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхийн урилгаар 10 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийлээ.
Тэрбээр БНЭУ-ын Дэд ерөнхийлөгч Жагдип Данкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх, ЗХЖШ-ын дарга генерал Анил Чаухан, Хуурай замын цэргийн командлагч генерал Мануж Панди нартай хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Улмаар 2023 онд хамтран зохион байгуулах “Нүүдэлчин заан” сургуулийг шүхэрчдийн дадлага сургалтаар өргөжүүлэх, шүхрийн сургалт явуулах чиглэлээр хамтарч ажиллах, батлан хамгаалах аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан тохиролцлоо.
Мөн айлчлалын үеэр БНЭУ-ын Гужарат мужийн Гандинагар хотноо БНЭУ-ын Батлан хамгаалахын сайдын санаачлагаар зохион байгуулагдсан Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцож, үг хэлэв. Уг уулзалтад 27 орны Батлан хамгаалахын сайд, дэд сайд, Элчин сайд, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн оролцсон юм. Уулзалтад оролцогчид бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, түүний дотор олон улсын аюулгүй байдлын тогтворгүй нөхцөл байдал, далайн тээврийн аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой сорилтууд зэрэг аюулгүй байдлын нийтлэг асуудлаар харилцан ярилцаж, байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүн 12 дахь удаагаа зохион байгуулагдаж буй БНЭУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, цэргийн техник, технологитой танилцав. Энэ удаагийн үзэсгэлэнд зөвхөн Энэтхэг улсад үйлдвэрлэсэн зэвсэглэл, техникийг танилцуулж, эдгээр чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 1,100 орчим төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнээрээ оролцов.
Батлан хамгаалахын сайдын энэ удаагийн ажлын айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын баталсан удирдамж, чиглэлийн дагуу амжилттай зохион байгуулагдсан бөгөөд цэргийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг эхлүүлж, Зэвсэгт хүчний чадавх, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг дээшлүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой айлчлал боллоо.
БНЭУ-тай батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны яриа, хэлэлцээг хөгжүүлэх нь цэргийн үйл ажиллагаанд Энэтхэгийн талаас дэмжлэг авах, энхийг сахиулах болон олон улсын терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа, цэргийн сургалтыг өргөжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.