Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа,
Эрхэм нэгтгэл, ангийн захирагчид, Цэргийн штабын дарга нар аа.
Та бүхний энэ өдрийн амрыг эрье.
Энэ удаагийн Стратегийн цугларалтыг Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнээс гадна Батлан хамгаалах яам, Төрийн цэргийн байгууллагын удирдлага, аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабын дарга нарыг хамруулж, 10 орчим жилийн дараа өргөн хүрээнд зохион байгуулж байгаад Сайдын хувьд олзуурхаж, бас шинэ оны эхэнд Та бүгдтэй дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа хэлэх байна.
Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулж буй Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн бусад байгууллагын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтыг “Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэл” сэдвийн дор цаг үеэ олсон 3 багц асуудлын хүрээнд явуулж, тодорхой үр дүнд хүрсэн гэдэгт итгэл төгс байна.
Миний бие цугларалтын хөтөлбөр, хэлэлцүүлсэн илтгэлүүдтэй танилцахад энэ 3 өдрийн цугларалтаар Та бүгд олон улсын геополитик, геостратегийн хувьсал өөрчлөлтийн байдал, түүнтэй уялдан гарах Монгол Улсын аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтөд Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог хэрхэн бэхжүүлэх талаар нэлээдгүй мэдээллийг авч, санал бодлоо солилцсон гэж бодож байна.
Түүнчлэн батлан хамгаалах тогтолцооны тулгын гурван чулууны нэг болох Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж, чадавхыг бэхжүүлэхэд төрийн цэргийн болон нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг, оролцоо, Зэвсэгт хүчний ирээдүйн чиг хандлага, хуулиар шинэчлэн баталгаажсан Дайчилгааны тогтолцооны асуудал улмаар батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, түүний дотор орон нутгийн хамгаалалтыг нутаг дэвсгэрийн хэмжээнд оновчтой зохион байгуулах, цэргийн дайчилгааны төлөвлөлтийг боловсронгуй болгох болон цэргийн сургалт бэлтгэлийн агуулгад өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгааг ч авч үзсэн байх.
Тиймээс цугларалтын үеэр гарсан оновчтой санал, санаачилга, шийдлийг гагцхүү бодит ажил хэрэг болгох, үүнд шат шатандаа анхаарч ажиллах нь туйлаас чухал гэдгийг Та бүхэн ойлгож, эдгээрийг үр дүнд хүргэх боломжит гарц, гаргалгаа, арга замыг зөв тодорхойлон хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөх учиртай юм.
Улс орноо батлан хамгаалах зорилго, зорилт, эрх ашигт нийцсэн аливаа шинэчлэл, бүтээлч санал, санаачилгыг Сайд миний бие байнга дэмжиж байх болно.
Эрхэм нөхөд өө!
Миний бие Сайдын албан тушаалд томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл Та бүхэнтэй зургаан удаа уулзаж, батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хангалттай мэдээ, мэдээлэл хүргэж, санал бодлоо солилцож, цаг үеийн асуудлуудтай холбогдуулан тодорхой үүрэг, чиглэлүүд өгч байсан. Та бүгд өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байдаг.
Өнөөгийн байдлаар салбарын хэмжээнд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болох “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”, эдгээртэй уялдан батлагдсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” зэрэгт батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан тодорхой зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, үр дүнд хүргэхийг зорьж байна.
Бид дээрх урт, дунд хугацааны хөгжлийнхөө бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг хэр анзаарч, түүнийг хэрэгжүүлэх богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгүүдээ хэрхэн уялдуулж, мөрдөн хэрэгжүүлж байгаагаа эргэцүүлэх цаг болсон.
Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдаад удаагүй байгаа. Тус яамнаас Монгол Улсын дунд хугацааны хүн, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглал, бүс нутгийн, үндэсний өрсөлдөх чадварын гэсэн 7 хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг УИХ-аар батлуулахаар ажиллаж байна.
Батлан хамгаалах салбарын хувьд “Засаглалын зорилтот хөтөлбөр”-т багтаж байгаа бөгөөд түүнд “Зорилт 1.6. Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлнэ.” гэсэн зорилтыг дэвшүүлж, мөн батлан хамгаалах тогтолцооны тулгуур 3 асуудлаас гадна “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх” гэсэн зорилтыг тусгаад байгаа юм. Уг зорилт энэхүү стратегийн цугларалтын сэдэв, багц асуудлуудтай холбогдож байна.
Мөн “Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө”-г боловсруулах аргачлал оны өмнөхөн шинэчлэгдэж, үр дүнд суурилсан хөгжлийн төлөвлөлтийн зарчмыг хэрэгжүүлж, түүнд тусгагдсан тухайн салбарын үндсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээ 2024 оноос эхлэн кодлогдон шинэчлэгдэх боллоо.
Ингэснээр батлан хамгаалах салбараас тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг стратегийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй бүрэн уялдуулж, оновчтой тодорхойлогдох шаардлага бий болж, улмаар тус төлөвлөлтөд тусгагдаагүй аливаа төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх боломжгүй болж байна.
Цаашид тус яамнаас хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг үр дүнд суурилсан энэхүү төлөвлөлтийн зарчимд нийцүүлэхийг шаардах болж, дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгүүдийг энэ оноос эхлэн шинэчлэхийг зорьж байна. Тухайлбал, дараагийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 5 жилийн үндсэн чиглэлийг уг зарчимд тулгуурлан боловсруулах журам, аргачлал шинэчлэгдэнэ.
Эрхэм захирагч, дарга нар аа!
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-ын эрхэм 9 зорилгын нэг “Амар тайван, аюулгүй нийгэм” хэмээх зорилгод “Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлж, үе шат тус бүрийн хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон.
Түүнд 2030 он гэхэд “Батлан хамгаалах тогтолцоо төгөлдөржин, технологийн дэвшлийг нэвтрүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэн, нэгдмэл тогтолцоотой, технологижсон Зэвсэгт хүчинтэй болох” том зорилтыг дэвшүүлсэн.
Энэ бол бидний алсын хараа, хүрэх үр дүн юм.
Үүний суурь, эхлэлийг зөв тавих, хөгжлийнхөө үе шатны зорилтод нийцсэн хөгжлийн төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, эдгээртэй уялдсан богино хугацааны төлөвлөлтийг БХЯ, ЗХЖШ гэлтгүй захирагч, дарга бүр шат шатандаа анхаарах цаг үеийн шаардлага тавигдаж байна.
Өнөөгийн байдлаар дээрх урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдэд туссан зорилт, арга хэмжээ нэлээдгүй өндөр хувьтай хэрэгжиж байгаа. Тухайлбал, “Алсын хараа-2050”-д туссан зорилтын I үе шат болох “Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе”-д туссан зорилт, 15 үйл ажиллагааны хэрэгжилт 2022 оны байдлаар 90 гаруй хувьтай байна.
Мөн УИХ-ын 23 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д батлан хамгаалах чиглэлээр 8 арга хэмжээг тусгуулж, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төсөл арга, хэмжээний жагсаалтад 3 төсөл, арга хэмжээг тусгуулсан ба 2022 оны байдлаар мөн 91.1 хувийн хэрэгжилттэй байна.
Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдан батлагдсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг хөгжүүлэх” зорилтын хүрээнд 9 дэд зорилт, 48 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, 2022 оны байдлаар 82.7 хувийн хэрэгжилттэй гэж гарчээ.
Тэгвэл “Батлан хамгаалах стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд энэ сардаа багтаан үнэлгээ хийгдэнэ. Мөн харьцангуй өндөр хувьтай гарна гэдэгт итгэлтэй байна.
“Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний зорилтын хүрээнд 7 арга хэмжээ төлөвлөн хэрэгжих шатандаа явж байгаа бол тус төлөвлөгөө 2023 онд 70 хувьтай хэрэгжихээр төлөвлөгдсөн байгааг энд суугаа ЗХЖШ-ын удирдлага, захирагч, дарга нар анхаарч, эргэн үзэж, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарал тавьж ажиллах шаардлагатайг хэлье.
Эрхэм генерал, офицерууд аа!
Одоо Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын болон батлан хамгаалах салбарт хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа, цаашид анхаарах асуудлын талаар “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-тэй уялдуулан Та бүхэнтэй санал бодлоо солилцоё.
- “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд “Хугацаат цэргийн алба хаасан иргэдэд төрийн албанд орох, шатлан дэвших, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, нийгмийн халамж хүртэх давуу эрх олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох” гэсэн зорилт дэвшигдсэн.
Үүний хүрээнд Сайдын тушаалаар Цэргийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 48 дугаар зарлигаар байгуулагдсан Ажлын хэсэгтэй хамтран ажиллах шийдвэрийг гаргасан.
Уг асуудалтай холбогдуулан Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд “Хугацаат цэргийн албаны тогтолцооны шинэчлэл”-ийн судалгааны даалгаврыг 2023 оны I улиралд багтаан боловсруулахаар даалгаад байна.
Хугацаат цэргийн алба хаагчийн алба хаах тогтолцоонд оновчтой, уян хатан, нийгэмд бухимдал үүсгэхгүйгээр тогтоох учиртай. Хугацаат цэргийн алба хаагч алба хааснаараа эх орноо хамгаалах цэргийн мэргэжил эзэмшихийн зэрэгцээ өнөөгийн нийгэмд хэрэгтэй наад захын мэдлэг, мэргэжилтэй, тодорхой мөнгөн хуримтлалтай, цэрэг-эх оронч үзэл, хандлагаар төлөвшсөн эр хүн болж халагдахад энэ тогтолцооны шинэчлэлийн утга учир орших болно.
“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай”, “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай”, “Дайны байдлын тухай” зэрэг 4 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгагдсан.
Дээрх үндсэн чиглэлд тусгагдсан болон түүнд тусгагдаагүй боловч нэн шаардлагатай гэж үзсэн дараах хуулиудын өнөөгийн явц байдлын талаар Та бүгдэд хөтөлбөрийн дагуу мэдээлэл хүргэгдсэн байх.
Үүнээс зарим анхаарах шаардлагатай зүйлийг тодотгоход, “Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдан хэрэгжиж, Цэргийн тагнуулын газар Зэвсэгт хүчний Жанжин штабынхаа бүтцэд шилжин үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна.
Одоо Зэвсэгт хүчний тагнуулын байгууллагын тогтолцоог бэхжүүлж, үйл ажиллагааг жигдрүүлэх, мөн шат шатны байгууллагын тагнуулын нэгж, албан тушаалтныг мэргэжлийн удирдлагаар хангах, мэргэжлийн хүний нөөцийг сургаж бэлтгэхэд ЗХЖШ болон Цэргийн тагнуулын байгууллагын удирдлага анхаарч ажиллах шаардлагатай.
Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиудад цэргийн алба хаагчдын эрх зүйн байдал сайжирч, нийгмийн хамгааллын асуудлууд баталгаажих ёстойг анхаарах нь чухал.
“Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн хувьд энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах арга хэмжээг улам тодорхой болгох учиртай.
Засгийн газрын дээрх хөтөлбөрийн зорилтод хөрөнгийн асуудлаас шалтгаалж бүрэн хэрэгжихгүй ажлууд бий. Тухайлбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын барилгыг шинээр барих, Цэргийн II шатны эмнэлэг байгуулах, Зэвсэгт хүчний 341, 342 дугаар ангийн бүтээн байгуулалт зэрэг.
Сайдын хувьд энэхүү нэлээдгүй хөрөнгө оруулалт шаардсан ажлуудад тус бүрд нь багахан хөрөнгө оруулж тарамдаж байхаар жилд үр дүнд хүрэхүйц томоохон ажил, арга хэмжээнд нь ахиухан хөрөнгө оруулах замаар шийдээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэдийгээр энэ жил хөрөнгө оруулалтын төсөв тусгагдаагүй ч гэсэн төсөвт зохицуулалт хийх замаар ач холбогдлоор нь эрэмбэлж хөрөнгө оруулалтыг хийх болно.
- “Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж, дайчилгааны төлөвлөлтийг шинэчлэх” зорилтын хүрээнд 6 арга хэмжээг төлөвлөсөн.
“Орон нутгийн хамгаалалтын тухай хууль”-ийн дагуу 2022 онд тус төлөвлөгөөний дагуу анх удаа “ОНХ-ын томилгоот нэгжийн хээрийн дадлага сургалт”-ыг Өвөрхангай аймгийн Цэргийн штаб амжилттай зохион байгуулж явууллаа.
Тэгвэл энэ онд ийм хээрийн дадлага, сургалтыг Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Увс зэрэг аймгуудад явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус сургалт, дадлагыг зохион байгуулж явуулахад ЗХЖШ, Төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангиудаас онцгойлон анхаарч, Цэргийн штабуудад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг энэ дашрамд үүрэг болгоё.
Мөн ийм сургалтуудыг явуулахад дэмжлэг үзүүлэн оролцохыг Төрийн цэргийн байгууллагын удирдлагууд ч анхаарч, холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл энэ ажил нь дан ганц БХЯ, Цэргийн штабын ажил биш юм. Дайны цагийн байдал үүсэхэд бэлтгэгдсэн орон нутгийн хүч хэрэгсэлтэй байх нь өргөн уудам нутаг дэвсгэртэй манай улсын хувьд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарууд үүссэн цагийн байдалд өөрсдийн боломжоос хэд дахин давсан газар районыг хариуцан үүрэг гүйцэтгэхээр байгааг бид сүүлийн үед явагдсан сургуулиудын туршлагаас харсан ба тэрхүү хязгаарлагдмал боломжийг нэмэгдүүлэх хүч хэрэгсэл нь Орон нутгийн хамгаалалтын хүч хэрэгсэл юм.
Цаашид ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалуудаас зохион байгуулагдах хээрийн сургалт, дадлагыг төлөвлөхдөө Орон нутгийн хамгаалалтын хүч, хэрэгслийг оролцуулж, тэдэнтэй хэрхэн харилцан ажиллагааг зохион байгуулж явуулах талаар сургалтыг уяж өгөх нь зүйтэй.
“Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд яамд, аймаг, нийслэлээс маш өргөн хүрээтэй, олон төрөл, зүйлийн мэдээллүүдийг авч, Зэвсэгт хүчний хэрэгцээтэй уялдуулан нэгтгэх замаар дайчилгааны мэдээллийн сангийн программд шинэчлэн сайжруулалтыг хийж байна.
Аймаг, нийслэл, яамдаас ирүүлсэн нийгэм, эдийн засгийн 63 багц мэдээллийг программчлах ажил 80 орчим хувийн хэрэгжилттэй явагдаж байгаа ба 2023 онд тус төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газраар батлуулахаар төлөвлөж байна.
Өнөөдөр өрнөж байгаа Орос-Украины цэргийн тусгай ажиллагааны үйл явц, туршлагыг нарийвчлан судалж, батлан хамгаалахын материаллаг нөөцийг бүрдүүлэх, шинэчлэн тогтоох асуудлыг менежментийн зөв арга, хэлбэрийг ашиглах, үүнд шинэлэг байдлаас хандах шаардлага үүсэж байгаа. Төсөв хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалж энэ чухал ажлыг орхигдуулмааргүй байна. Боломжит гарц, гаргалгааг бий болгон хэрэгжүүлэхэд Та бүхэн анхаарах шаардлагатай юм.
2023 онд цэргийн ангийн дайчилгаатай хээрийн сургуулийг орон нутгийн цэргийн нэгжийн сургалт, дадлагатай хослуулан явуулах шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор батлуулсан. Ойрын үед Сайдын тушаал гаргана.
Иймд тус нэгдсэн сургуулийн бодлого, төлөвлөгөөг БХЯ, ЗХЖШ хамтран боловсруулахдаа нухацтай хандаж, бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай юм.
Тус сургуулийн явцад эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн судалгаа, шинжилгээний бүлгийг ч томилон ажиллуул. Та бүгдийн уг цугларалтаар хэлэлцэгдэн гарсан санал, санаачлага, хүрсэн шийдлийг бодит байдалд туршин үзэх боломж энд бүрдэнэ гэж үзэж байна. Үүнийг маш үр дүнтэй сургууль болгох хэрэгтэй, тэгж ч бодож байгаа.
Үүнээс гадна бодлогын баримт бичгийн зорилтын хүрээнд “Бүсийн сургалтын төвийг байгуулах” ажил ямар шатандаа, хэрхэн хэрэгжиж байгааг эргэн харах цаг болсон. Бид бүгдийн нэг дутагдалтай тал байна “Аливаа асуудлыг өрнөж байхад нь бүх шатандаа ажил хэрэгч байдлаар хандчихаад, бусад тохиолдолд тухайн ажлыг өөр асуудлаар дарж, мартаад байна”. Түүний оронд тухайн ажлын хэрэгжилтийн араас нь явдаг, гацаанаас гаргах талаар идэвх чармайлттай бүх шатандаа ажилладаг байхыг Та бүгдээс хүсэж байна.
- “Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн, кибер аюулгүй байдлын болон тусгай хүчний цэргийг байгуулах” зорилтын хүрээнд 2020 онд Зэвсэгт хүчинд командлалууд, удирдах газар байгуулагдаад өдгөө 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа нь жигдэрч, нэлээдгүй ажил, арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
Тухайлбал, “Барилга-инженер цэргийн удирдах газар” 2022 онд шинэ байранд шилжиж бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. Одоо “Агаарын цэргийн командлал”-ыг дараагийн ээлжинд шилжүүлэх, Засгийн газраар холбогдох шйидвэрийг гаргуулахаар ажиллаж байна. “Агаарын цэргийн командлал” шилжин очих барилгад засвар, тохижилтын ажил хийгдэж дууссан, нүүлгэн шилжүүлж эхлээд байна. Шилжүүлэн байрлуулах асуудлыг ойрын хугацаанд шийднэ.
2023 оны Засгийн газрын эхний хуралдаанаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг өргөтгөн зохион байгуулах асуудал шийдвэрлэгдэж, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаал гарч албажсан. Өргөтгөн зохион байгуулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж эхлэхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Тусгай хүчний цэргийн командлал”-ын удирдлагад үүрэг болгоё.
Үүнтэй уялдан “Тусгай хүчний цэргийн командлал”-ыг шилжүүлэх, бие даалгах асуудал тавигдаж байна. Одоо командлалыг шилжүүлэх барилга, байгууламжийн зураг төслийг баталгаажуулах, шаардагдах тооцоо, судалгаа хийх, санхүүжилтийн эх үүсвэрийг тодотгох зэрэг алхмуудыг авч эхлэх хэрэгтэй.
Цаашид “Кибер аюулгүй байдлын цэргийн командлал”-ыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний “Кибер аюулгүй байдлын Дата төв”-ийг байгуулах ажлуудыг эрчимжүүлж, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллахад хариуцсан байгууллага, нэгж, албан тушаалтан идэвх, зүтгэл гарган ажиллах хэрэгтэй.
- “Зэвсэгт хүчнийг орчин үеийн зэвсэглэл, цэргийн техникээр хангах бодлогыг дэс дараатайгаар хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь санхүү, хөрөнгө оруулалтын хувьд нэлээдгүй хөрөнгө шаардсан төсөл, хөтөлбөрүүд байсан хэдий ч бид гадаадын зээл, тусламж болон өөрсдийн боломжид тулгуурлан багагүй ажил гүйцэтгэснийг Та бүхэн мэдэж байгаа.
Өмнө нь Та бүгдэд мэдээлж байсанчлан Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого” баримт бичгийн төсөл боловсруулах үүрэг бүхий БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалуудын удирдлагын төлөөлөл орсон Ажлын хэсгийг байгуулсан. Одоо Ажлын хэсэг идэвхтэй ажиллаж уг бодлогын төслийг энэ 02 дугаар сард багтаан Сайдын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлмээр байна. Улмаар уг бодлогыг Засгийн газар, УИХ-ын түвшинд хүртэл тавьж шийдвэрлүүлнэ.
Ингэснээр Бид зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслэлээ шинэчлэх, сэргээн сайжруулах нэгдсэн бодлоготой болж, түүнийг тууштай хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникт шинэчлэлт, өөрчлөлтийг авчрах, бидний дэвшүүлсэн зорилт хангагдах нөхцөл бүрдэх юм.
Бид туршилт судалгааны ажлуудаа улам эрчимжүүлж, дараагийн сайжруулалт, инновац шингэсэн загвар бүтээлүүдийг гаргаж авах, патентжуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улмаар Зэвсэгт хүчинд нэвтрүүлэх гэсэн олон үе шат бүхий ажлууд хүлээгдэж байна. Мөн бид тухайн төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллах инженер, техникийн мэргэжлийн мэргэжилтэн алба хаагчдыг сургаж, бэлтгэхэд онцгой анхаарч, хамтын ажиллагаатай улсуудтай тухайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр ажиллах хэрэгцээ, шаардлага үүсэж байна.
Энэ жил үр дүнд хүрэх гол ажлын нэг бол “Үндэсний сумны үйлдвэр”-тэй болох зорилтыг дэвшүүлсэн. Уг үйлдвэрийг байгуулах гэрээ байгуулагдаж, оруулж ирэх үйлдвэрийн тоног төхөөрөмж бэлтгэгдэж байна. Энэ ондоо багтааж сумны үйлдвэрээ ашиглалтад оруулан, эхний сумаа үйлдвэрлэж эхэлнэ. Улмаар үйлдвэрийг өргөтгөж, сумны бэлдэцээ ч өөрсдөө хийж чаддаг болох хэрэгтэй байна. Үйлдвэрийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны төсөл боловсруулагдаж байна, ойрын үед баталгаажуулна.
Энэ жил Туршилт-судалгааны төвүүдээ бэхжүүлж, 10 хүртэлх нэгж тусгай зориулалтын цэргийн техник үйлдвэрлэхээр төлөвлөснийг тусгайлан анхааралдаа авч, цаашид орчин үеийн технологийн ололт, шийдлийг нутагшуулан нэвтрүүлэх, удаан хугацааны хадгалалтад байгаа зэвсэглэл, цэргийн техникийг сэргээн сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх учиртай.
- “Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг энэ жил мөн өргөжүүлэн хөгжүүлнэ.
Батлан хамгаалах салбарт хамтын харилцаатай улс орнуудтай цэргийн мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан сургууль, дадлага зохион байгуулах, энхийг дэмжих ажиллагааны туршлага солилцох, цэргийн дипломат харилцааг эхлүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлуудаар харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлсээр байна.
Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Үнэлгээ, зөвлөмжийн багт “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”, “Инженерийн рот”, 2 дахь “Мотобуудлагын батальон”-ыг амжилттай шалгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чадавхын бэлэн байдлын системд бүртгүүлж, эдгээрээс “Түргэн байрлах хүчний рот”, “Цэргийн хээрийн II шатны эмнэлэг”-ийг оролцуулах бэлтгэлийг хангах тухай асуудлыг Засгийн газрын болон ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрүүдийг гаргуулсан.
Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд төрөл, тусгай мэргэжлийн салбар, нэгжүүдийг шинээр оролцуулах асуудалд идэвхтэй хандах ёстой. Тодорхой хүндрэл бэрхшээлүүд бий ч гэсэн НҮБ-аас гаргасан тусгай шаардлагын дагуу тус багуудын зэвсэглэл, тусгай зориулалтын техник, хэрэгсэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гадна хамтын ажиллагаатай улс орнуудыг түшиглэн шийдвэрлэхээр зорьж байна.
- “Цэргийн хугацаат болон гэрээт алба хаагчдын алба хаах хугацаанд амьдрах, ажиллах нөхцөлийг сайжруулах” зорилтын хүрээнд яамны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний анги, салбаруудад дараах томоохон ажил арга хэмжээг хэрэгжүүлээд байна.
Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БХЯ-ны харьяа 7 байгууллага, Зэвсэгт хүчний 10 нэгтгэл, анги, салбарт 5.7 орчим тэрбум төгрөгийн барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, их болон урсгал засварын 22 ажил хийгдэж, улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулж, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”–ийн хөрөнгө оруулалтаар БХЯ-ны харьяа 2 байгууллага, Зэвсэгт хүчний 24 анги, салбарт 13.1 тэрбум төгрөгийн барилга угсралт, инженерийн шугам сүлжээ, их болон урсгал засварын 45 ажил хийгдэж, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 1.9 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөөр 100 цэргийн байрны барилга угсралтыг хийж гүйцэтгэсэн байна.
Энэ онд дээрх арга хэмжээнд зориулагдсан хөрөнгө оруулалтын төсөв батлагдаагүй ч Зэвсэгт хүчний хөгжлийн сан, дотоод нөөц бололцоогоо түшиглэн зарим бүтээн байгуулалт, завсар тохижуулалтын ажлаа үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Засгийн газраас “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.
Манай салбарын хувьд 2023 онд анхаарах гол үйл ажиллагаа бол “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд “Барилга-инженерийн цэрэг”-ийг “Богдхаан” төмөр замын ажилд үргэлжлүүлэн оролцуулах асуудал юм. ЗХЖШ, Барилга-инженерийн цэргийн удирдлага үүнд анхаарах хэрэгтэй.
Зэвсэгт хүчний хувьд цэргийн нэгтгэл, анги, салбаруудын барилга, байгууламжуудыг орчин үеийн инженерчлэлийн шийдэл бүхий “Жишиг цэргийн хотхон”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Жишиг ногоон төгөл хотхон” болгох төсөл амжилттай хэрэгжиж байгааг Та бүгд мэднэ.
Иймээс “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд дээрх арга хэмжээг үргэлжлүүлж цэргийн анги, салбарыг ногоон орчин болгох, мод бут тарих, мод үржүүлгийн ажлаа хийж, талбайгаа тохижуулж ажиллуулах болно. Цэргийн нэгтгэл, анги, байгууллагын захирагч, дарга Та бүхэн үүнд ач холбогдол өгөх ёстой.
- Зэвсэгт хүчний алба хаагчдын албандаа хандах хандлага, идэвх сайжрах, мэдлэг, дадлага, ур чадвараа хөгжүүлэх, итгэл үнэмшил дээшлэх, тогтвор суурьшилтай алба хаах нөхцөл бүрдэхэд томоохон хөшүүрэг болох цэргийн цол, цалингийн зэрэглэлийг бүрэн шинэчилж, энэ сараас эхлэн мөрдөж эхэллээ.
Сайдын эрхлэх асуудлын хүрээнд цэргийн алба хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлийг барьж ажилласан бөгөөд 2022 онд цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цол, цалингийн зэрэглэлд өөрчлөлт оруулж, өнгөрөгч 2022 оны 08 дугаар сараас “ЦГАХ”, “Дэд ахлагч”, “Ахлагч” нарын цалинг шинэ шатлалаар нэмэгдүүлсэн.
Засгийн газрын 2022 оны 488 дугаар тогтоолоор төрийн зарим алба хаагчид, түүний дотор төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчийн цалингийн хэмжээ, доод хэмжээ дээшлэн шинэчлэн тогтоогдсон. Уг тогтоолын дагуу Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид ТТ-1-ээс ТТ-11 дүгээр шатлалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цалинжихаар болсон.
Үүнтэй уялдуулан “Зэвсэгт хүчний алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Батлан хамгаалахын сайдын 2023 оны н/01 дүгээр тушаал батлагдаж, дунджаар ЦГАХ-ийн цалин 267,534.00, ахлагч нарын цалин 250,390.00-ээс 492,270.00, офицерын цалин 214,457.00-гоос 726,105.00 төгрөгөөр тус тус нэмэгдээд байна.
Мөн БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, харьяа нэгтгэл, анги, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоонууд бүрэн шинэчлэгдлээ.
Цаашид цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлийг баримтлан ажиллах ба “Цэргийн алба хаагчийн цэргийн цолны цалингийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох”, “Байлдааны жижүүрлэлтийн нэмэгдэл олгох”, “Онцгой нөхцөлийн нэмэгдлийг шинэчлэх”, “Цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэх” зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр ажиллах болно.
Эрхэм нөхөд өө!
Сайдын хувьд 2023 оныг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт батлан хамгаалах талаар туссан зорилт, арга хэмжээнүүдийг бодит ажил хэрэг болгосон, Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг улам эрчимжүүлсэн жил болно гэж харж байгаа.
Тийм ч үүднээс Батлан хамгаалах яам 2023 онд үйл ажиллагаандаа “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эх орныхоо аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлтийн эрсдэлийг тооцон төрийн батлан хамгаалах бодлогын цэргийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр ашиг, үр дүнг дээшлүүлэх” зорилгыг тавьж, дараах зорилтуудыг дэвшүүлээд байна. Үүнд:
- Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлж, улсын дайчилгааны төлөвлөлтийг шинэчлэх;
- Төрийн захиргааны удирдлага, хяналтыг улам төгөлдөржүүлж, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг сайжруулах;
- Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний ажлын хариуцлага, ёс зүй, харилцаа хандлагыг дээшлүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ шаардлагад нийцүүлэн батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогыг сайжруулах;
- Цэргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэхэд чиглүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх;
- Зэвсэгт хүчний байлдааны зэвсэг, цэргийн техникийг шинэчлэх бодлогыг Засгийн газрын түвшинд албажуулж, хэрэгжүүлэн, цэргийн аж үйлдвэрлэл хөгжүүлэх суурийг тавих;
- Цэргийн хотхоныг шинэчлэн тохижуулах, цэргийн алба хаагчдын ахуй хангалт, ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах ажлаа санхүү, хөрөнгийн боломжоо бүрэн ашиглан үргэлжлүүлэх зэрэг болно.
Миний өнөөдөр хийсэн мэдээлэлд дурдагдсан анхаарах асуудлуудаас гадна 2023 онд яамны дэвшүүлсэн зорилго, зорилттой уялдуулан Та бүхэнд ажил, албандаа анхаарч ажиллах дараах үүрэг, чиглэлийг өгье. Үүнд:
- 2023 он Монгол Улсын бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг улам эрчимжүүлсэн жил байх болно. Иймд бодлогын болон Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд бүх шатны захирагч, дарга нар, алба хаагчид онцгойлон анхаарч ажилла;
- Өмнө нь Та бүгдэд өгсөн үүргийн хүрээн дэх олон улсын хамтарсан сургалт, дадлага, хээрийн сургуулиудын бэлтгэлийг оны эхнээс хангахад анхаарч, санхүүгийн сахилга бат, бүхий л талын аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааварыг чанд мөрдүүлж, тогтмол удирдлагаар хангаж ажиллах дахин сануулья;
- Цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй сая дурьдсан арга хэмжээнүүдийг анги, байгууллагынхаа мэдээллийн цагаар алба хаагчдаа хүргэж, ажил, албандаа итгэл, үнэмшилтэй ажиллах урам зориг өгөх хэрэгтэй;
- Бид цэргийн алба хаагчид руу чиглэсэн ажлуудаа үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн, тэгвэл өнөөдөр анги, байгууллагын бүрэлдэхүүний нэг болсон ажилтан алба хаагчдын нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна.
Тухайн ажилчин алба хаагчид маань хэдийгээр цэргийн цол, хувцас өмсөөгүй ч цэргийн ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, бэлэн байдлын асуудлуудад оролцож, хагас цэрэгжилтийн байдалтай байдгийг мэдэж байгаа.
Тиймээс тус алба хаагчдад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн цалин хөлс болон бусад төрлийн урамшуулал, нэмэгдлийг олгох боломжийг бүрдүүлэн ажиллахыг үүрэг болгоё;
- Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлахад хэдийгээр зарим дэвшил гарсан ч нэгэн хэвийн, дутагдалтай зүйл их байна. Бид хийж хэрэгжүүлсэн, бүтээсэн зүйлээ бусдад өргөнөөр сурталчилж байх учиртай. Үүнд шинэчлэл хийх ёстой. Салбарын хэвлэл, мэдээллийн байгууллага, нэгжүүд үүнд онцгой анхаарал хандуулмаар байна;
- Энэ онд орон нутагт батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлыг Архангай, Булган, Сүхбаатар аймгуудад зохион байгуулахаар төлөвлөсөн тул тухайн аймагт байрлах Зэвсэгт хүчний анги, байгууллагууд, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабууд энэ арга хэмжээнд онцгойлон анхаарч, одооноос бэлтгэл ажлыг хангаж, идэвх санаачилгатай оролцох шаардлагатай;
- “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд” батлагдан мөрдөгдөөд удаагүй байна. Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлуулсан нь БХЯ, ЗХЖШ-ын 2022 онд амжуулсан томоохон бодит ажил мөн.
Цэргийн анги, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж явахад Цэргийн алба хаагчдын цэргийн дүрмийн мэдлэг дутмаг, сургалт, сурталчилгааны хэрэгжилт хангалтгүй, ёсолж хүндэтгэх ажиллагаа сул байгаа нь анзаарагдаж байна. Иймд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага энэ онд цэргийн дүрмийн хүрээнд сургалт, сурталчилгаа, үзлэг, шалгалтыг явуулах бодитой ажил зохион байгуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн үр дүнг Сайдын зөвлөлд хэлэлцүүлэн, тодорхой шийдвэр гаргуулах хэрэгтэй;
- Бүх шатны байгууллагууд “Батлан хамгаалахын дотоод хяналт шалгалтын нийтлэг журам”-ын хэрэгжилтийг хангаж, анги, байгууллагын удирдлагууд дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнээр хяналт шалгалттай холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журмыг сайтар судлуулах, сургалт зохион байгуулах, дотоод хяналт шалгалтыг удирдах, зохион байгуулах, үр дүнг захирагч /дарга/-ийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх, тогтоосон хугацаанд тайлагнах, гүйцэтгэлд хяналт тавьж тогтмолжуулж ажилла;
- Цэргийн алба хаагчдын бие бялдарын стандарт алдагдаж байна. Цэргийн алба хаагчдыг дүрэмч, жагсаалч, биеийн тамираар хичээллүүлэхэд захирагч, дарга нар өөрсдөөсөө эхлэн үлгэрлэж ажиллах шаардлага гарч байна. Энэ асуудалд Засгийн газраас анхаарал хандуулж, Монгол хүн бүрийг эрүүл байлгах, таргалалттай тэмцэх жил болгож байгаа шүү;
Эцэст нь хэлэхэд бидний өмнө дэвшигдэж байгаа зорилт, хийж хэрэгжүүлэх ажил их байна. Энэ их ажлын хэрэгжилт, үр дүн алба хашиж байгаа бүхий л албан тушаалтнуудын хандлага, сэтгэл, ухамсар, хичээл зүтгэлээс шууд хамааралтай юм.
Иймд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний уураг тархи, зүрх болсон удирдах албан тушаалтнууд Та бүхэн маань хариуцсан байгууллагууд, нэгтгэл, ангиудынхаа үйл ажиллагаанд шинэчлэлт, өөрчлөлтийг хийж, сэтгэл, зүрхээ гарган ажиллахыг хичээгээрэй гэж хэлье.
Ингээд Та бүхэндээ эх орноо батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэн бэхжүүлэх эрхэм их үйлсдээ улам их амжилт гаргаж, эрүүл энх, сайн сайхан байхыг хүсэн ерөөе.