ТУРК УЛСАД ЭРЭН ХАЙХ, АВРАХ БАГ ЭХ ОРНООСОО МОРДЛОО

106

Газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох манай улсын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг нисэх бэлтгэлээ хангаснаар “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас тус улсыг зорилоо.

ОБЕГ-ын дэд дарга бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан эрэн хайх, аврах багт Зэвсэгт хүчний алба хаагчид багтсан. Тодруулбал, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Цэргийн төв эмнэлгийн эмч нар дэд хурандаа Л.Лувсандоржийн удирдлагаар гэмтэл, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр үүрэг гүйцэтгэх юм. Түүнчлэн англи, турк хэлний мэдлэгтэй, дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай тул орон нутгийн иргэдтэй харилцахад хүндрэл тулгарахгүй гэдгийг албаныхан онцолсон.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний ТХЦК, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын төлөөллүүд эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнийг нисэх онгоцны буудлаас үдэн гаргаж өгөх үедээ амжилт хүсч, талархал илэрхийлэв.