Монгол Улс, БНЭУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 11 дэх зөвлөлдөх уулзалт Шинэ Дели хотноо 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр амжилттай боллоо.
Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Энэтхэгийн талаас БХЯ-ны Туслах төрийн нарийн бичгийн дарга, доктор Ажай Кумар нар тэргүүлж, хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар зөвлөлдлөө. Мөн зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд оролцов.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар өнгөрсөн 2022 онд хийсэн хоёр орны Батлан хамгаалахын сайд нарын харилцан айлчлалын үеэр тохиролцсон хамтын ажиллагааны асуудлуудыг хэрэгжүүлэх цаг хугацаа, хөтөлбөр тус бүрээр ярилцаж, хамтран зохион байгуулахаар тогтлоо.
Тухайлбал, хоёр орны тусгай хүчний хамтарсан “Нүүдэлчин заан” дадлага, сургуулийг энэ оны 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулах, энэ үеэр БНЭУ-аас тусламжаар авах эмнэлгийн тусгай тоноглол бүхий автомашин, хүйтний улирлын хувцас зэргийг хүлээн авах, батлан хамгаалахын аж үйлдвэрийн чиглэлээр туршлага судлах төлөөлөгчдийг БНЭУ-д ажиллуулах, энэ онд БНЭУ-ын цэргийн сургуульд сургах цэргийн алба хаагчийн тоо зэргийг харилцан тохиров.