БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 119 ДҮГЭЭР АНГИД АЖИЛЛАЛАА

291

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид ажиллаж өдөр тутмын үйл ажиллагаа, барилга байгууламж, зарим зэвсэглэл техниктэй танилцсаны зэрэгцээ ажилтан, цэргийн алба хаагчидтай уулзалт хийлээ.

Түүнийг дагалдаж ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын МТГ-ын дарга хурандаа Б.Түвшинтөр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр нар ажиллалаа.

Батлан хамгаалахын сайдыг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид хүрэлцэн ирэхэд химичин дайчид хүндэтгэн угтаж, ангийн захирагч дэд хурандаа Г.Дүнжингарав ангийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудаа уламжиллаа.

Үргэлжлүүлэн Батлан хамгаалахын сайд тус ангийн цэргийн зэвсэглэл техник, алба хаагчдын хувцас хэрэгсэл, барилга байгууламжуудтай танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өгч ажилласны зэрэгцээ цэргийн нэрт зүтгэлтэн хошууч генерал Ч.Самбууг агсны хөшөөний нээлтэд оролцлоо.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ амьдралынхаа ихэнх он жилүүдийг эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд зориулж хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн манлайлагчдын нэг бол хошууч генерал Ч.Самбуу болохыг онцлоод энд хүрэлцэн ирсэн гэр бүл, найз нөхөд, хамаатан садан, мөр зэрэгцэн ажиллаж байсан цэргийн нөхдийнх нь хамт түүний алдрыг мөнхжүүлэх арга хэмжээнд оролцож буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Хошууч генерал Ч.Самбуу нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарт 60 гаруй жил зүтгэн, томоохон албан тушаалуудыг хашиж, үүргээ нэр төртэй биелүүлж явсны дотроос түүний энэ ангитай холбоотой онцлогоос товчхон дурдвал тэрээр 1971-1976 онуудад тус ангийн захирагчаар ажиллах хугацаандаа ангиа 4 жил дараалан тэргүүний анги, 5 дахь жилдээ тухайн үеийн Монгол Ардын Армийн онц ангийн болзлыг хангуулж улмаар уг анги төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнуулжээ. Ийнхүү түүний хичээл зүтгэл, эх орноо гэсэн хоёргүй сэтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Алтангадас одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит болгосон ажээ.

Арга хэмжээний төгсгөлд хошууч генерал Ч.Самбуугийн нэрэмжит Цацраг, химийн тагнуулын 2023 оны шилдэг тоот шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын баг тамирчдад шагналыг нь гардууллаа. Уг тэмцээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын 14 баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт хошууч О.Бат-Эрдэнэ ахлагчтай 119 дүгээр анги, дэд байрт хошууч Л.Галбадрах ахлагчтай 150 дугаар анги, гутгаар байрт ахлах ахлагч Г.Буянжаргал ахлагчтай 353 ангийн тамирчин дайчид тус тус шалгарч бусад нөхдөө манлайлсан юм.

Дэслэгч Ө.НАСАНТОГТОХ