БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН 90 ДЭХ ТӨГСӨЛТ БОЛЛОО

619

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган их сургуулийн нэг, алдар түүхт дайчин замналтай ҮБХИС-ийн 90 дэх удаагийн төгсөлт өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус төгсөлтийн ёслолын арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан болон албаны бусад хүмүүс оролцлоо.

ҮБХИС нь аюулгүй байдал, Батлан хамгаалахын болон цэрэг, иргэний боловсрол сургалт, судалгааг хэрэгжүүлэх, дээд боловсрол, шинжлэх ухаан, иновацын орон зайд тогтвортой өрсөлдөх чадварыг бий болгож, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий “судалгааны их сургууль” болж Батлан хамгаалахын боловсролын олон улсын жишигт хүрэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Эдгээр төгсөгчдөөс Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимийн сонсогч Ц.Мөнхбаатар, Цэргийн хөгжмийн коллежийн сонсогч Б.Цэен-Ойдов, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сонсогч дэд түрүүч Б.Пүрэвпэлжээ нар бусдыгаа манлайлан 3,9-3,7 голч дүнтэйгээр суралцаж төгсжээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр шинээр төгсөж байгаа сонсогчдод энгэрийн тэмдэг диплом гардуулж баяр хүргэхийн зэрэгцээ “Миний бие одоогоос 31 жилийн тэртээ Цэргийн нэгдсэн дээд сургуулийг төгсөж байсан сайхан дурсамж сэтгэл, зүрхэнд минь өнөөдөр тодхон байна.

Энэ жилийн төгсөлт нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх зорилтоо тодорхойлж батлуулсан, шинээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалах талаар дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилт, үйл ажиллагаагаа баталгаажуулсан, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ой тохиосон, Ардын хувьсгал, Зэвсэгт хүчний түүхэн Их ойн босгон дээр, алтан намрын нарлаг сайхан өдөр болж байгаагаараа онцлогтой байна.

Мөн өнөөдрийн төгсөгчид та бүхэн “Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх” хэмээн тодорхойлсон алсын харааг хэрэгжүүлж, улс орноо өндөр чадамжтай Зэвсэгт хүчинтэй болгох их үйл хэргийн эзэд болж байгаагаараа онцлогтой юм.

Батлан хамгаалахын сайд миний бие цэргийн шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх, боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын агуулгыг олон улсын жишигт хүргэхийг зорьж тодорхой ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

Зэвсэгт хүчний цаашдын хөгжлийн дүр төрх энэ сургуулиас харагдаж тодорхойлогдох учиртай. Учир нь батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний ирээдүйг авч явах захирагч, дарга, командлагч нар энд төгс бэлтгэгдэх учиртай.

Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагын даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэн гаргадаг Батлан хамгаалахын удирдлагын академийг бэхжүүлнэ. Бид тус академийн шинэ барилгын ажлыг дуусгаж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхээс гадна багшлах бүрэлдэхүүнийг чанаржуулах, хамтын ажиллагаатай гадаадын улс орны офицеруудыг сургах бодлогыг хэрэгжүүлнэ.

Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар мэргэшсэн бүрэлдэхүүн маань эх орондоо төдийгүй олон улсад үнэлэгдэж байгаа энэ цаг үед Монгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд орж байгаа та бүхнийг зөвхөн батлан хамгаалах салбарт төдийгүй улс орны аль ч салбарт үүрэг гүйцэтгэх чадвартай мэргэжлийн боловсон хүчин болж байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

Офицер, ахлагч нар бол албан тушаал, цол хэргэмийн төлөө зүтгэдэг биш, харин эх орноо баттай хамгаалах эрдэм мэдлэг эзэмших, ажил, мэргэжилдээ эзэн байхын төлөө, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд л оршиж байдаг юм шүү.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас төрийн зүгээс хэрэгжүүлсэн гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч төлөвлөгөөт сургалтыг тогтоосон хугацаанд эрчимжүүлсэн сургалтын хэлбэрээр явуулж, өнөөдөр шавь нараа үдэн зогсож байгаа ҮБХИС-ийн удирдлага, эрдэмтэн, багш нартаа талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн нийт багш сурган хүмүүжүүлэгч болон төгсөгчдөө хандаж хэлсэн юм.

ҮБХИС нь сургууль нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий цэрэг, Артилтерийн мэргэжлээр дахин дөрвөн жилийн хөтөлбөрөөр сунгаж анхны төгсөлтөө хийсэн юм. Мөн их сургуулийн түүхэнд анх удаа Цэргийн мэргэжлийн бакалаврын сургалтын хоёр хөтөлбөрийн үндэсний хэмжээнд амжилттай магадлан итгэмжлүүлсэн зэрэг амжилттайгаар шинэ хичээлийн жилээ угтаж байна.