БНСВУ-ын БХЯ-ны Цэргийн аж үйлдвэрийн корпорацын ерөнхий менежер, хурандаа Нгуен Вү Ха тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 04 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.
БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Батлан хамгаалах яамны удирдлагын зүгээс хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж байгаа, тэр дундаа эдийн засгийн хөгжил, техник, технологийн дэвшлээрээ бүс нутагтаа тэргүүлж байгаа Вьетнам улстай цэргийн аж үйлдвэрийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэв.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын өнгөрсөн оны 12 дугаар сард БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараагаар болж байгаа бөгөөд хоёр орны цэргийн аж үйлдвэрийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр хийж буй айлчлал юм. Хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2013 онд байгуулсан санамж бичиг, 2019 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, туршлага, сургамжаа хуваалцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр идэвхжиж байгаад баяртай байгаагаа талууд харилцан илэрхийлсэн юм.