Р.Энхболд: ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫГ САЙЖРУУЛАХАД АНХААРЧ АЖИЛЛАНА

560

БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Р.Энхболдоос тус газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар тодрууллаа.

Та манай уншигчдад өөрийгөө товч танилцуулбал… Энэ хариуцлагатай албан тушаалд хэзээ томилогдсон бэ?
-Миний бие 2001 онд БХИС-ийг ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр төгссөн. Хожим ОХУ болон БНХАУ-д шат шатны цэргийн сургуульд суралцсаны сацуу энхийг сахиулах ажиллагаанд зургаан удаа үүрэг гүйцэтгэсэн. Мөн Зэвсэгт хүчний 150 дугаар ангид салаа, ротын захирагч, сургагч багш, штабын даргын орлогч, ажиллагааны офицероор, ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтэст олон улсын цэргийн ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтэст ахлах мэргэжилтэн, тус хэлтсийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд Стратегийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ оны 1 дүгээр сард БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, өнгөрсөн сард Төрийн албаны зөвлөлийн тусгай шалгалтыг өгч жинхлэн томилогдсон. Энэ бол тус яаманд томилогдсон миний гурав дахь томилгоо болж байна.

Төрийн захиргааны төв байгууллагын ажил амаргүй байх. Ажлаа юунаас эхлэв?
-Сонсогч байхдаа нэгэнт л цэргийн мэргэжил сонгосон учир төгсөөд аль нэг анги, салбарт томилогдож ажиллах нь ойлгомжтой гэж боддог байсан. Гэтэл 2 дугаар дамжаанаасаа эхлэн цэргийн мэргэжлээс гадна төрийн захиргааны ажилтны мэргэжлээр хавсран суралцах болсон. Тухайн үедээ бид ямар учиртай энгийн мэргэжил эзэмшиж байгаа тухай сайн ойлгоогүй явсан. Одоо эргээд харахад ажил, амьдралд хэрэгтэй чухал мэргэжил байжээ гэж бодогддог.

Газрын даргын албан тушаалд томилогдсон даруйдаа Батлан хамгаалахын сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу хэд хэдэн ажлыг төлөвлөсөн. Эхний ээлжид салбарын хүний нөөцийн бодлогыг улам сайжруулах, энэ чиглэлийн мэдээллийн сан, программыг бий болгох нь зайлшгүй хийх ёстой ажил гэж бодсон. Мөн салбарын шагнал урамшууллын журамд өөрчлөлт оруулах, гадаад оронд суралцаж буй цэргийн алба хаагчдын суралцах боломж, нөхцөлийг улам сайжруулахад анхаарч энэ чиглэлээр түлхүү ажиллаж байна.

Төрийн захиргааны удирдлагын газраас ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна вэ?
-БХЯ бол Засгийн газрын харьяа батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага юм. Тиймдээ ч Засгийн газрын бодлого, шийдвэр, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэрийг яамны үндсэн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй байдаг.

Төрийн албаны зөвлөлөөс 2019 онд гарсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дээшлүүлэх, сонгон шалгаруулах журам”-ыг шинэчилж улмаар, 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоол гарч дээрх журамд өөрчлөлт оруулсан. Шинэчлэн батлагдсан тогтоолд нэлээд өөрчлөлт орсон.

Тухайлбал, өмнөх тогтоолоор яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг тусгай шалгалтад ордог байсан. Харин шинэ журмаар хэлтсийн даргаар томилогдох албан тушаалтан мөн энэхүү шалгалтыг өгнө. Түүнчлэн хэлтсийн даргаас доош буюу гүйцэтгэх албан тушаалд томилогдох бүрэлдэхүүн Төрийн албаны зөвлөлийн ерөнхий шалгалт өгнө гэж заасан. Тиймээс бид Төрийн албаны зөвлөлийн БХЯ-ны дэргэдэх Салбар зөвлөлийн шийдвэрээр шалгалтын комиссыг шинэчлэн батлуулсан. Тус комисс нь энэ сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, цаашид БХЯ-ны бүрэлдэхүүнд орж ажиллах удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд бүгд төрийн албаны шалгалт өгдөг журам руу шилжиж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх “Шүгэл”, “Шүүр”, “Шувуу”, “Шилжүүлэн авах”, “Шил” ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсоны дагуу Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 албан бичигт тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичигт тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх хүрээнд БХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудад холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа албан тушаалтны томилогдсон шийдвэр бүрийг нягтлан тогтоож, албан тушаалаас чөлөөлөх талаар холбогдох чиглэл хүргүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн хот, хөдөөгийн сэргэлтийг хангах зорилго, арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, нарийн бичгийн даргаар миний бие томилогдон ажиллаж байна.

“Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд бүх аймгуудад “Нээлттэй аймаг” арга хэмжээг зохион байгуулж буйн хүрээнд энэ сарын 28, 29-нд Дорноговь аймагт “Нээлттэй Дорноговь” чуулган зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Улаанбаатар хотоос тус аймагт шилжин ажиллах иргэдэд төрөөс ямар дэмжлэг үзүүлж буй талаар шинэ мэдээ, мэдээлэл өгөх үр дүнтэй арга хэмжээ болох хүлээлттэй байна.

Цаашид ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа вэ?
-Хамгийн гол ажил бол хүний нөөцийн мэдээллийн сан, программтай болгох явдал юм. Үүнийг нэвтрүүлснээр алба хаагчдын бүртгэл тооцоо, мэдээллийн дата бааз, шагнал урамшуулал, сургалт дамжаа, энхийг сахиулах ажиллагаанд оролцсон талаарх мэдээллийг илүү цэгцлэх ач холбогдолтой юм.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

Дэслэгч Т.ИДЭР