Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Өмнөговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын сайдын зөвлөх дэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны СБТГын дарга хурандаа Ч.Гандирваа, Өмнөговь аймгийн аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат нарын албаныхан Зэвсэгт хүчний АЦК-ын харьяа 065 дугаар ангийн тусгай салбаруудад ажиллалаа.
Батлан хамгаалахын сайдыг хүрэлцэн ирэхэд бие бүрэлдэхүүн жагсаж, ёслол төгөлдөр угтлаа. Салбаруудын захирагч хошууч Б.Улсбаяр, хошууч А.Сүрэнхүү нар тус тусын салбарын түүх, үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилго зорилт, тулгамдсан асуудлуудаа танилцууллаа.
Үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ офицер, ахлагч нарын ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан албан тушаалын орон сууцны барилга, салбарын байрлал дахь объектуудын засвар, тохижилт болон туслах аж ахуйг хөгжүүлж байгаагаа уламжилсан.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбаруудын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Засгийн газрын үйл ажиллагаа, Батлан хамгаалах бодлого, зорилтын талаар танилцуулав. Тэрбээр “Алсын хараа 2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Батлан хамгаалах Зэвсэгт хүчний үүрэг оролцоо өндөр байгааг онцоллоо. Түүнчлэн Батлан хамгаалахын эрхзүйн шинэчлэл, Зэвсэгт хүчний ирэх зууны өнгө төрх сайд, удирдлагуудаас гадна Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүн нэг бүрээс хамааралтай гэдгийг онцлоод цаашид эрхэлсэн ажилдаа эзэн болж, хандлагаа өөрчилж, хариуцлагаа нэмэгдүүлэхийг уриалсан юм. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин нь сүүлийн жилүүдэд хөнгөн хуягт техникүүдийг өөрсдөө үйлдвэрлэж, зэвсэглэлд туршсаны зэрэгцээ бага бууны сумны үйлдвэр байгуулах болсноор цаашид бүтээн байгуулагч салбар болох үндэс суурь нь тавигдсаныг салбарын сайд хэллээ.
Мөн цаашид Зэвсэгт хүчин болон Агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэх, хөгжүүлэхэд тал бүрээр дэмжихээ илэрхийлж, бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилт, гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүссэн юм.
Төгсгөлд нь Батлан хамгаалахын сайд салбаруудад тулгамдсан зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож, олон үйлдэлт ухаалаг дэлгэц болон портер машины түлхүүрийг гардуулан өгөв.
Ахлах дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ