БНЭУ-ЫН ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН КОЛЛЕЖИЙН СТРАТЕГИЙН ДАМЖААНД СУРАЛЦАГСАД МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

83

БНЭУ-ын Үндэсний батлан хамгаалахын коллежийн Стратегийн дамжаанд суралцаж буй Оросын холбооны Улс, Бүгд найрамдах Энэтхэг Улс, Мьянмарын холбооны бүгд найрамдах Улс, Холбооны бүгд найрамдах Бразил Улс, Израил Улс, Оманы Султант Улсын генерал, ахлах офицерууд энэ сарын 28-наас ирэх сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд манай улсад айлчилж байна.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Монгол Улсын батлан хамгаалах бодлого, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо. Дэд сайд Б.Баярмагнай зочдод хандаж хэлсэн үгэндээ “Та бүхэн Монгол Улсад ажиллах хугацаандаа манай орны онцлог, аюулгүй байдал, улс төр, нийгэм, эдийн засгийн байдалтай танилцаж, аялалынхаа дараа энэхүү бүс нутгийн талаар илүү мэдлэгтэй болж дараагийн ажил албандаа илүү үр бүтээлтэйгээр ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд нийт бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэв.

БНЭУ-ын Үндэсний батлан хамгаалахын коллежийн Аюулгүй байдал, стратегийн дамжаа нь цэргийн болон иргэний өндөр албан тушаалтныг бэлтгэдэг, олон улсад нэр хүндтэй сургалтуудын нэг юм. Тус дамжаанд суралцагч нь олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын хууль, эрх зүй, улс төр, эдийн засаг, олон улсын байгууллага, стратегийн харилцаа, стратеги судлал, аюулгүй байдлын сорилт зэргийг нэг жилийн хугацаанд судлах бөгөөд сургалтын хөтөлбөрийн дагуу бүс нутгийн орнуудаар аялаж, тэдгээрийн улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил, соёлтой танилцах боломжтойгоороо онцлог юм.