Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Зэвсэгт хүчний 256, 339, 341 дүгээр анги болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тусгай салбарт ажиллалаа.
Батлан хамгаалахын сайдыг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай Цэргийн хүрээний хүндэт харуул угтан авсны дараа Зэвсэгт хүчний анги, салбарын штабын байр, алдрын танхим, цэргийн гал тогоо, эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болоод хугацаат албаны дайчдын алба хааж буй орчин нөхцөлтэй танилцаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.
Энэ үеэр Зэвсэгт хүчний дээрх ангиудын захирагч нар болох хурандаа Н.Гүрбадам, Ц.Батхүү, Д.Энхбаяр, хошууч Б.Галбаяр нар ангийн үйл ажиллагааны талаар ерөнхий танилцуулга хийсний дараа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цаашлаад ангийн бүтээн байгуулалтын талаар хийж хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүд, бүтээлч ажил, арга хэмжээ болон зайлшгүй шийдвэрлүүлэхээр тулгамдаад буй асуудлынхаа талаар санал дэвшүүллээ. Мөн энэ үеэр Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн удирдлагууд, ЗДТГ-ын Цэргийн штабын алба хаагчид тухайн орон нутаг дахь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн юм.
Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хувьд өөрсдийн нөөц бололцоогоор ангийн барилга, байгууламжуудаа бүрэн засварлаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2500 орчим мод тарьсны сацуу 2 га талбайг зүлэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буй талаар уламжилсан бол Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хувьд нэг жил орчмын өмнөөс ангийн материаллаг баазыг ашиглан төрөл бүрийн гоёлын багана, хавтан, замын хашлага, ажлын зориулалтын хувцас хэрэглэл зэргийг зах зээлийн ханшаас 40-50 хувь хямдаар үйлдвэрлэж эхэлсэн тухайгаа танилцуулсан юм.
Харин өнгөрсөн жил байгуулагдан бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд байгаа Зэвсэгт хүчний 341 дүгээр ангийн удирдлага, бие бүрэлдэхүүний хувьд тухайн орон нутагтайгаа хамтран барилга, орон сууц барих, Говь-Алтай аймагтаа анх удаа борооны ус зайлуулах хоолойтой авто замын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэдгээр ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж Засгийн газрын үйл ажиллагаа, салбарын эрх зүйн шинэчлэл, бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйн төлөвшил, манлайлал, нийгмийн хамгааллын талаар мэдээлэл өгч, албандаа итгэл үнэмшил дүүрэн, хичээл зүтгэл өндөр байхыг онцлон дурдсан юм. Түүнчлэн хөдөлмөр, зүтгэл, албандаа хандах хандлагаараа бусдадаа үлгэр жишээч зарим алба хаагчдыг салбарын шагналаар шагнаж, нутгийн удирдлагуудад Чингис хааны эш хөрөг, дурсгалын зүйлийг гардууллаа. Мөн цэргийн ангиудын сургалт бэлтгэл, соёл хүмүүжилд зориулж 64 үйлдэлтэй ухаалаг дэлгэц, Зэвсэгт хүчний 065, 325 дугаар ангийн тусгай салбарт албан хэрэгцээнд ашиглагдах ачааны автомашин, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан цэргийн алба хаагчдын бяцхан үрст гарын бэлэг гардуулан өгсөн юм.
Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргыг дагалдаж Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга хурандаа Б.Түвшинтөр нар ажиллаж байна. Ажлын хэсэг үргэлжлүүлэн Ховд, Баян-Өлгий, Завхан аймагт ажиллана.