Өнөөдөр Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 93, Дотоод Хэргийн Их Сургуулийн 89 дэх удаагийн хичээлийн жилийн төгсөлтийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Засгийн газрын агентлагууд, ҮБХИС, ДХИС-ийн удирдлагын төлөөлөл, төгсөгчид, төгсөгчдийн гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
2022-2023 оны хичээлийн жилд ҮБХИС-ийг бакалавр, магистрын сургалтаар 270 гаруй, Дотоод хэргийн их сургуулийг 450 гаруй сонсогч суралцан төгсөж байна.
Ёслолын үеэр төгсөгчдөд “Сургууль төгсгөж, боловсролын зэрэг эзэмшүүлэх тухай” ҮБХИС, ДХИС-ийн захирлуудын тушаал, “Цэргийн цол олгох тухай” Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын даргын тушаалыг уншиж танилцуулж, төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх шилдэг төгсөгчдөд энгэрийн тэмдэг, диплом гардуулсныхаа дараа баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэр хүндтэй, нэн хариуцлагатай албанд хүчин зүтгэхээр цэргийн цолоо зүүж, дүрэмт хувцсаараа жигдрэн жагссан Та бүхнийг харахад сэтгэл нэн таатай байна.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эрдмийн их уурхай болсон Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчдөөс төр-цэргийн олон арван нэрт зүтгэлтэн, улсын баатар, генералууд, эрдэмтэн мэргэд төрөн гарч, өнөөгийн эрх чөлөөт, туурга тусгаар, ардчилсан Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Алдар түүхт сургуулиудын төгсөгчид Та бүхэн эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан эрэлхэг өвөг дээдэс, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн ахмад үеийнхээ үйл хэргийг залгамжилж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, газар нутаг, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч итгэл төгс байна.
Эх орны соргог манаа, нүд чих болсон төрийн тусгай албаны мэргэжлийн боловсон хүчин болж байгаа Та бүхэн шинжлэх ухаан, технологи, цэргийн хэргийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, улсынхаа аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт шинэ эрч хүч нэмж, онцгой идэвх зүтгэлтэй ажиллах учиртай.
Энэ мөчөөс эхлэн Та бүхний нуруун дээр эх орон, ард иргэдийн аюулгүй байдал хэмээх эрхэм хүндтэй үүрэг ногдож байгааг гүнзгий ухамсарлаж, эзэмшсэн мэргэжил, зүүсэн цолондоо эзэн нь болж яваарай.
Ялангуяа офицер хүн бол мэдлэг оюун, ур чадвар, бие бялдар, зориг тэвчээрээрээ цэрэг дайчдаа үлгэрлэж, шударга, хүнлэг, шийдэмгий, зарчимч чанарыг баримтлан хамт олноо удирдаж, амжилтыг цэрэгтээ, алдааг өөртөө үүрч явдаг манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байх ёстойг өнөөдөр цолоо зүүсэн шинэхэн офицерууддаа сануулъя.
Эх орон, төр, ард түмэндээ тангараг өргөсөн цэрэг хүн эр зориг, нэр хүндийг ямагт эрхэмлэж явах ёстой.
Ард иргэд Та бүхнийг улс орныхоо сүр хүч, аюулгүй байдлын баталгаа гэж харж, хүүхэд залуус Та бүхнээр ирээдүйгээ төсөөлөн бахархаж байдгийг байнга санаж, цэргийн тангараг, ёс зүйг дээдлэн, төрд хүндлэгдэж, түмэндээ хайрлагдаж явахыг Эрхэм дүү нартаа захиж байна.
Та бүхний эх орныхоо тусгаар тогтнол, улсын хилийн халдашгүй дархан байдал, төр, нийгэм, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хүчин зүтгэх хариуцлагатай үйл хэрэгт нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргалыг хүсэн ерөөе” хэмээсэн юм.