Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай үүрэгт ажлаа авснаас хойш Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудад ажилласаар байна. Энэ удаад Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.Түүнийг хүрэлцэн ирэхэд тус сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан илтгэл өгч, хөгжмийн бие бүрэлдэхүүн жагсаж хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа бригадын генерал П.Жаргалан Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн өнөөгийн байдал, сургалтын үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилго, зорилт болон тэдгээрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Түүнчлэн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Батлан хамгаалахын удирдлагын академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Соёлын төв, Цэргийн хөгжмийн коллеж, Сонсогчийн батальон, Тэмүүжин-Өрлөг зэрэг харьяаллын сургуулийн сургалтын орчин, бүтцийн нэгжийн үйл ажиллагаа болон Ном, мэдээллийн төвийн барилгын ажилтай танилцав. Тус сургуулийн удирдлагууд Батлан хамгаалахын дэд сайдад шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар уламжилж, санал сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлэхдээ “Би нэг зүйлд их олзуурхаж байна. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ой ирэх онд тохионо. Танилцаад өнгөрөх бол нэг асуудал. Тус сургуулийн түүх болон хамт олноор нь их бахархлаа. Сургуулиа энэ цаг үед газартай нь бас цогцолбороор нь авч үлдэж чадсан байна. Энэхүү сургуулийг олон улсын жишигт хүргэхүйц их, дээд сургуулийн хотхон хэлбэрээр зохион байгуулалтад оруулах боломжтой гэдгийг үйл ажиллагаатай нь танилцах үеэрээ ойлголоо. Цаашид илүү зөв зохион байгуулалт, тооцоо судалгаатай, хамт олны санал бодлыг тусгасан, өнөө цагийн шаардлагад нийцсэн, сургалтын орчин, чанар хүртээмж зэрэг бүхий л зүйлээрээ жишиг, шилдэг сургууль болох бололцоотой гэж харж байна. Шийдвэрлэх олон асуудал байна, тохижилт, засвар, сургалтын бааз, техник, тоног төхөөрөмж гээд л… Шат дараатай шийдээд явах болно. Шийдэх ч ёстой. Орчин нөхцөлөөс гадна багш нарын ур чадвар, сургалтын чанарыг улам сайжруулах нь зүйтэй. Маш сайн орчин нөхцөл, хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй ч түүнийгээ ашиглаж чадахгүй бол харамсалтай. Тийм учраас багш нар, боловсон хүчнээ улам дадлагажуулах чиглэлд анхаарал хандуулж ажиллах ёстой гэж бодож байна. Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг шат дараатай шийднэ. Ингэхдээ багахан мөнгөө зөв бөгөөд урт настай зүйлд зохион байгуулалттайгаар зарцуулах шаардлагатай. Жил бүр яригдаад байдаггүй, асуудлыг гараас гаргаж шийддэг байх ёстой гэсэн зарчмыг Батлан хамгаалах яамны удирдлагууд барьж ажиллах болно” гэдгийг онцлов.
Үргэлжлүүлэн тэрээр Тэмүүжин-Өрлөг сургуульд ажиллах үеэрээҮБХИС-иас тэтгэвэр , чөлөөндөө гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд оролцлоо. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ахмадуудад хандаж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар шинээр бүрдээд 3 сар болж байна. Батлан хамгаалахын сайд болон бид бүгдийн барьж буй бодлого, дэвшүүлсэн зорилт бол Батлан хамгаалахын салбарын хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, хүч хөдөлмөрөө зориулж, бүхий л цаг үед эх орныхоо төлөө зүтгэсэн ахмадуудынхаа талаарнэлээд арга хэмжээг ирэх жилүүдэд авч хэрэгжүүлж, ажиллана. Үүнтэй холбоотой хамгийн чухал шийдвэрүүдийг гаргасан. Саяхан бид бүхэн Батлан хамгаалах яаманд ахмадуудаа хүлээж авахдаа ахмадын талаар баримтлах бодлого, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон Батлан хамгаалахын сайдын тушаалыг уншиж танилцуулсан. Ирэх онд “Ахмадын хөгжлийн өргөө”-ний барилгын ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойгоор салбарын ахмадууддаа хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна” гэдгийг онцлоод Батлан хамгаалахын сайдын тушаалаар шагнагдсан зарим алба хаагч, ахмадад шагналыг нь гардуулан өглөө.
Батлан хамгаалахын дэд сайдын хамт БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, Шинжлэх ухаан, технологи, инновацын ахлах мэргэжилтэн хурандаа Д.Содномцог нар ажиллалаа.