Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагын “Залуу офицеруудын чуулган” ирэх 09 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулна.
Тус чуулганыг угтан залуу офицеруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх, манлайлах, мэргэжлээрээ бахархах, хамтын нөхөрлөлийг бэхжүүлж, нийгмийн идэвхийг өрнүүлэх, тэднийг хөгжүүлэх, гэр бүлийг дэмжихэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд 3 үндсэн чиглэлээр 43 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэхүү чуулганыг угтан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас залуу офицеруудын чуулганыг зохион байгуулах дэд ажлын хэсгийг байгуулж удирдлага, зохион байгуулалтын олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Уг ажлын хүрээнд 08 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Залуу офицеруудын дэд чуулган-2023”-ыг зохион байгуулж байна. Дэд чуулганд ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар, тэдгээрийн харьяа нэгтгэл, ангиудаас өөрийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг боловсрол, ур чадвараараа манлайлсан шилдэг 200 гаруй залуу офицерууд чуулж байна.
Энэ үеэр “Хувь хүний хөгжил, манлайлал” сэдэвт илтгэл тавигдаж, Зэвсэгт хүчний шилдэг бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний Залуу офицеруудын дэд чуулганы хоёр дахь хэсэг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд төлөвлөгөөний хүрээнд болно. Мөн энэ үеэр Залуу офицеруудын манлайлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, офицерын манлайллыг хөгжүүлж төлөвшүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг зохион байгуулах юм.