БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ БОЛОН “МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО” ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

61

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тэгвэл Батлан хамгаалах яам “Нийтийн хөлбөмбөг”-ийг хөгжүүлэхээр “Монголын хөлбөмбөгийн холбоо”-той хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гарын үсэг зурах ажилагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг болон “Монголын хөлбөмбөгийн холбоо”-ны Ерөнхийлөгч М.Болд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дагвадорж, техникийн захирал Б.Буман-Учрал нарын албаныхан оролцов.

Энэхүү хамтран ажиллах гэрээний зорилго нь Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын дунд хөлбөмбөгийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон явуулах, “Алдар” спорт хороонд хөлбөмбөгийн мэргэжлийн баг байгуулан Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дотоодын уралдаан тэмцээнд оролцуулахад орших юм. Түүнчлэн хамтын ажиллагаатай гадаад орнуудын Зэвсэгт хүчнүүдийг хамруулсан тэмцээн зохион байгуулж оролцох, олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулан алба хаагчдын тоглох, тус спортоор хичээллэх орчинг бүрдүүлэх, мэргэжлийн багш дасгалжуулагч, шүүгчийг бэлтгэхэд “Монголын хөлбөмбөгийн холбоо”-ноос дэмжэг үзүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй гэдгийг талууд энэ үеэр онцолж байв.