АРХАНГАЙ АЙМАГТ “БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

87

Батлан хамгаалах яамны 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын Батлан хамгаалах зарим чиг үүргийг 2023 онд Архангай аймагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны захирамжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Архангай аймгийн хүүхэд, залуучуудад Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилготой “Бидний бахархал” төсөл тус аймагт хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн санаачилгаар болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, 2022 онд нийслэл Улаанбаатар хот, өнгөрөгч 5 дугаар сард Булган аймагт амжилттай зохион байгуулагдсанаар орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудын талархлыг хүлээсэн “Бидний бахархал” төсөл энэ удаад Архангай аймаг, тэр дундаа бүх сумдад хэрэгжинэ.

“Бидний бахархал” төслийн нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалах яамны ТЗУГ-ын дарга хурандаа Р.Энхболд, Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Санжмятав, тус аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид болон иргэд, хөдөлмөрчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцов.

БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа Р.Энхболд төслийг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь Батлан хамгаалах салбараас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, та бүхний батлан хамгаалах бодлогын шинэчлэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхээс гадна иргэд, хүүхэд залуучуудад улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, үнэ цэнийг ухааруулах, эх орноо хайрлан хамгаалах, цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах гүн утга учир бүхий зорилготой гэдгийг онцлон хэлье. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын талаар бид маш сайн ойлголттой байх ёстой. Түүхийн хуудас сөхөхөд монголчууд бид хүнд бэрх цагийг туулж, бүрэн эрхт туурга тусгаар улс болсон. Үүнд үе үеийн эх орончид, гал цогтой тэмцэгчдийн байгуулсан гавьяа их. Тиймдээ ч бид өөрсдийн гэсэн баялаг түүх, соёлтой ард түмэн. Түүнийгээ түгээн дэлгэрүүлэх, сурталчилж, үндэсний бахархлаа сэргээж байх нь нэн тэргүүний зорилт юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Бидний бахархал” төсөл Архангай аймгийн бүх сумдад хэрэгжин, иргэд олон нийт, хүүхэд залуучуудад улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, эх орноо хайрлан хамгаалах, Монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэлийг нэмэгдүүлэх зэргээр илүү онцлог болж, өргөн цар хүрээг хамарна” гэв.

Үүний дараа “Оюутан цэрэг” сургалтын ерөнхий зохицуулагч, Монгол Улсын Ардын багш, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав болон “Монгол хурандаа” нийгэмлэгийн гишүүдээс бүрдсэн лекторын баг эх оронч үзэл, тусгаар тогтнол, үндэсний бахархал, монгол эр хүн зэрэг сэдвээр илтгэл тавьлаа.

Үргэлжлүүлэн “Тусгаар тогтнолын үнэ цэн” контент, “Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн энхийн үйлсэд” баримтат кино болон ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулсан юм.
Энэ үеэр ҮБХИС-ийн бүтээлийн үзэсгэлэн болон Монгол цэрэг-Дэлхийн цэрэг гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэв.

Монгол Улсын маршал, өрлөг жанжин Г.Дэмид тэргүүтэй үе үеийн эх орончид, төр нийгэм, цэргийн зүтгэлтнүүд төрөн гарч, Чөлөөлөх дайнд 700 гаруй ахмад дайчин оролцсон тус аймагт “Бидний бахархал төсөл” хэрэгжиж байгаад орон нутгийн иргэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.