Монгол Улсын Засгийн газрын 2023 оны отгон хуралдаанаар Батлан хамгаалах салбарын дэвшүүлсэн зорилго, зорилт, хэрэгжүүлэхэд түлхэц болох нэн чухал дараах 6 асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ

545

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны отгон хуралдаанаар Батлан хамгаалах салбарын дэвшүүлсэн зорилго, зорилт, хэрэгжүүлэхэд түлхэц болох нэн чухал дараах 6 асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Үүнд:

1. “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

Тус хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар цэргийн алба хаагчийн нийгмийн баталгаа дээшилж, алслагдсан болон хөдөө, орон нутагт байрлах цэргийн анги, салбарт тогтвор суурьшилтай ажиллах, цэргийн албаны хэвийн, аюулгүй, тасралтгүй үйл ажиллагаа хангагдах нөхцөлийг сайжруулсан.

Мөн Шинэ сэргэлтийн бодлого баримт бичгийн “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хэрэгжилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан мэргэжлийн, чадварлаг зэвсэгт хүчнийг хөгжүүлэх зорилт хангагдахад чухал нөлөө үзүүлэх юм.

2. Улсын нисэхийн тухай болон Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хуульд заасан дээрх чиг үүргийг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, зааврын хүрээнд Батлан хамгаалахын сайд болон Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлэх, Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь мэргэжлийн хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангуулах зорилгоор БХЯ-ны бүтцэд Улсын нисэхийн хэлтсийн шилжүүллээ.

Уг асуудлыг шийдвэрлэснээр Засгийн газрын болон Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хуулиар тогтоосон харилцааг зохицуулах, улсын агаарын хөлөг эзэмшигч төрийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдамжаар хангах, хяналт тавих зэрэг чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

3. БХЯ-ны харьяанд Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнг шилжүүллээ.

ҮБХИС-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж байсан БХЭШХ-г яамны харьяанд шилжүүлснээр эрдэм шинжилгээний байгууллагын хуулиар хүлээсэн эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлэх чадамжийг нэмэгдүүлж, бие даасан үйл ажиллагаа явуулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр өгөөж, ажлын цар хүрээг өргөжүүлж, түүний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж нөхцөлийг бүрдүүллээ.

4. 2018 онд Монгол Улсын Их Хурлаар “Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” батлагдаж, тус хуульд нийцүүлэн дайчилгаа явуулах, түүний бэлтгэлийг хангахтай холбоотой бүхий л эрх зүйн баримт бичиг, актуудыг шинэчлэн боловсруулж батлуулсан бол өнөөдөр эдгээр шинэчлэгдсэн эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэн “Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө” болон төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврыг шинэчлэн батлууллаа.

Тухайлбал, “Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө”-г 2003 онд анх баталж байсан бол 20-н жилийн дараа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан шинэчлэн боловсруулсан юм.

5. 2024 онд Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг зохион байгуулах хороо байгуулагдлаа.

Монголын ард түмэн, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой 2024 онд тохиож байгаа билээ. Тус түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлснээр Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын гавьяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэхэд оршиж байгаа болно.