AЛБА ХААГЧИД МАЛЧДАД ТУСАЛСААР БАЙНА

44
Хаваржилт нийт нутгаар хүндэрч, Зэвсэгт хүчний алба хаагчид малчид тээвэрчдэд туслахаар аймаг аймагт томилогдон ажиллаж байна. Хуурай замын цэргийн 11 нэгтгэл, ангийн алба хаагчид туулах чадвар сайтай нэгж техниктэйгээр Төв, Дорнод, Булган, Хэнтий, Сүхбаатар, Ховд, Дорноговь, Дундговь аймгийн сумдад ажиллаж, малчдад өвс тэжээл хүргэх, зам давааг нээх, зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэж байна.
Бид Төв аймгийн Эрдэнэсант суманд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа ахлагч Ч.Үнэнхүү (256), ахлах ахлагч А.Алтанбаяр (016) нартай утсаар холбогдож, мэдээлэл авлаа.
Ахлагч Ч.Үнэнхүү (256) “Манай ангиас ахлагч Г.Мөнх-Очир, Х.Гансүх, дэд ахлагч Н.Цогнэмэх бид дөрөв хоёр нэгж техниктэйгээр дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Бидний үүрэг Эрдэнэсант сумын төвөөс хөдөө малчид руу өвс тэжээл хүргэх юм. Цас их хэмжээгээр орж, нүүр нүдгүй шуурч байгаа учраас тээвэрлэлт, хүргэлт бидний санаснаар хурдан шуурхай явагдаж бас чадахгүй л байна. Өдөрт хол ойрын зайнаас хамааран 4-6 малчин өрхөд л өвс тэжээл хивэг хүргэж байна. Яг одоо гэхэд Давст сумын Буд гэдэг малчин айл руу давхиж байна” гэлээ. Тэрбээр цас хунгарлаж, зам даваа харагдахгүй байгаа учраас орон нутгийн тээврийн хэрэгслүүд цасанд суух нь их байна. Цасанд суусан жолооч хэрэв зам дагуу таарвал аварч, машин тэргийг нь асааж өгч байна гэсэн юм.
Харин ахлах ахлагч А.Алтанбаяр “Өглөө бүр сумын төвөөс өвс тэжээлээ машиндаа ачаалаад гардаг. Олонх малчин 50 гаруй км-ийн зайд амьдарч байгаа учраас тэр хүрэхэд цасанд боогдох хүндрэлүүд ч гарч байна. Өдөрт дунджаар 150 гаруй км зам туулж, 5-6 айлд өвс тэжээл хүргэж байгаа. Нэгтгэлээс миний бие болон ахлах ахлагч Б.Уугантөгс, ахлах ахлагч Г.Сүхбаатар болон Л.Бат гэсэн дөрвөн алба хаагч хоёр нэгж техниктэйгээр ажиллаж байна. Малчид талархлаа харамгүй илэрхийлж, цэргийн залуусын цог хийморь өөдөө байг гэсээр үлддэг. Бид саяхан Шуунай гээд 70 гарсан хөгшнийд өвс хүргэж өгсөн, гурван жилийн цэрэг явснаа дурсаж, ядарч зүдэрсэн олонд хамгийн ойр явдаг хүмүүс бол та нар юм даа гээд баярласнаа илэрхийлсээр байсан” гэлээ.